ӨВӨРХАНГАЙ: Залуу аваргынх “Сайхан айраг” брэндтэй хамтран ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Улиран одож буй луу жил, угтан авч буй могой жилийн сар шинийн босгон дээр Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн малчин Найднгийн Чимэддорж гэр бүлийн хамт “Аймгийн аварга малчин”-аар шалгарч, мал дагасан 20 жилийн хөдөлмөрөө үнэлүүллээ.
Өнгөрөгч намар өвөлжилтийн бэлтгэлээ сайтар базааж, 20 тонн байгалийн хадлан, 3 тонн хивэг тэжээл, 2 тонн хужир шүү бэлтгэн авсан аварга малчных өвлийг өнтэй давж, урин хавартай золгож байна.
Тэднийх “Сайхан айраг” брэндтэй хамтран ажиллаж, сүүлийн гурван жилд 11 тонн айраг нийлүүлэн өрхийн орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ сүү цагаан идээ хадгалах хөргүүр, агуулах зэргийг хөдөөгийн нөхцөлд нэвтрүүлж чадсан хөдөлмөрч залуус юм.
Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд 60 гаруй тооны малаар бусдыг малжуулж, сумынхаа 100 жилийн ойгоор томоохон үйл ажиллагаануудыг ивээн тэтгэн хандив тусламж үзүүлсэн байна.
Мал аж ахуйн салбарт тогтвортой ажиллаж,
мал сүргээ өсгөн үржүүлэх, чанар угсааг сайжруулах, нэг малаас авах ашиг шимийг
нэмэгдүүлж орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж яваа залуу
малчдад эрхэм хүндтэй цол шагналыг нь аймаг, сумын удирдлагууд хотонд нь
гардуулан өгсөн юм.