Хөл бөмбөгийн ДАШТ-д бэлтгэх ажлын хэсгийг Д.Трамп ахална
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 10 /VOA/. Хөл бөмбөгийн 23 дахь удаагийн ДАШТ-ийг зохион байгуулах орноор Канад, Мексик, АНУ гэсэн гурван улс шалгарсан билээ. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2026 онд болох уг тэмцээнд /ДАШТ/ бэлтгэх ажлын хэсэг байгуулахыг үүрэг болгожээ.
АНУ байгуулагдсаны 250 жилийн ойн үеэр болох энэхүү ДАШТ нь “улс үндэстний бахархал, найрсаг, зочломтгой занг харуулах чухал үйл явдал болохын сацуу" спортоор дамжуулан эдийн засгийг өсгөх, аялал жуулчлалыг дэмжихэд хувь нэмэр оруулна гэж Цагаан ордны хэвлэлийн мэдээнд онцолсон байна.
Уг ажлын хэсгийн даргаар АНУ-ын Ерөнхийлөгч өөрөө, дэд даргаар дэд Ерөнхийлөгч ажиллах аж. Ажлын хэсэгт мөн Төрийн нарийн бичгийн дарга, Сангийн сайд, Батлан хамгаалах сайд, Худалдааны сайд, Тээврийн сайд, Холбооны мөрдөх товчооны дарга болон бусад албаны тушаалтан багтана.
Олон улсын хөл бөмбөгийн холбооноос /ФИФА/ ДАШТ-ий тоглолтууд болох хотуудыг 2022 онд танилцуулсан билээ. ДАШТ-ийг зохион байгуулахаар сонгогдсон 16 хотын 11 нь АНУ-ынх хотууд юм. Түүнчлэн Канадын Ванкувер, Торонто, Мексикийн Гуадалахара, Монтеррей, Мехико гэсэн гурван хотод болно.
Түүхэнд анх удаа 48 орны шигшээ багууд өрсөлдөх энэхүү тэмцээн 2026 оны зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ны хооронд болно.