Тархины цагаан бодис дахь шинэ төрлийн астроцит эсүүдийг илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-03-11 16:55:16

ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 11 /new-science.ru/. Хэсэг эрдэмтэд урьд нь хэзээ ч ажиглагдаж байгаагүй тархины шинэ төрлийн эсүүдийг илрүүлсэн байна. Энэхүү нээлт нь тархины гэмтэл ба тархмал склероз гэх мэт мэдрэлийн эсүүдийн доройтолтой холбоотой өвчнүүдийг эмчлэх шинэ аргуудыг боловсруулах итгэл найдварыг төрүүллээ. 


Астроцитууд – тархины чухал эсүүд


Од хэлбэртэй астроцитууд хэмээх эдгээр эс нь тархийг зөв ажиллуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Тархины саарал ба цагаан бодис дотор орших астроцитууд нь нейронуудын эрүүл байдлыг хангаж, тэдгээрийн хооронд холбоо тогтоож, химийн орчныг нь зохицуулдаг ажээ. Өмнө нь эрдэмтэд саарал бодис дахь астроцитуудыг судлахад голлон анхаарч байсан бөгөөд цагаан бодис дахь астроцитуудыг бараг судлаагүй гэнэ.

Цагаан бодис дахь гайхалтай нээлт


Мэдрэлийн ширхэглэгүүдээс тогтох тархины нэг хэсэг болох цагаан бодисыг судлах явцад эрдэмтэд санамсаргүй байдлаар нээлт хийжээ. Тодруулбал, хулганы тархины бүтцийг судлах үед өмнө нь огт мэдэгдээгүй байсан хоёр төрлийн астроцитуудыг илрүүлсэн байна. Эхний төрөл нь мэдрэлийн ширхэглэгүүдийн бүтцийг хадгалж, нейронуудын хоорондох холбоог хөнгөвчилдөг байна.


Харин хоёрдахь төрлийн астроцитууд нь судлаачдыг үнэхээр гайхшруулжээ. Эдгээр нь шинээр астроцитууд үүсгэж, үржиж олшрох ер бусын чадвартай байв. Энэхүү нээлтийг хийсэн нь янз бүрийн гэмтэл ба өвчний үед тархины тодорхой эсүүд ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ гэдгийг илүү сайн танин мэдэхэд чухал ач холбогдолтой юм.


Эдгээр эс нь нейронуудыг дагалддаг төдийгүй үржин олширч, тархины нэг хэсгээс нөгөөд шилжин байршдагаараа онцлогтой. 


Тархийг сэргээхэд зориулсан эсүүдийн нөөцлүүр


Үржин олширдог эдгээр астроцит нь цагаан бодисоос саарал бодист шилждэг байж магадгүй тул гэмтсэн тархийг сэргээхэд үр дүнтэй байж болох юм. Шилжин хөдөлж, гэмтсэн эсүүдийг орлоно гэдэг бол цагаан бодисын астроцитуудын хувьд урьд өмнө мэдэгдээгүй байсан шинж чанар юм. Хэрвээ ийм шинж чанартай эсүүд хүний тархинд байдаг бол тархины гэмтэл ба мэдрэлийн эсүүд доройтохтой холбоотой өвчнүүдийг анагааж, тархийг нөхөн сэргээхэд чухал ач холбогдолтой. 


Nature Neuroscience сэтгүүлд бичсэнээр, энэхүү нээлт нь тархины гэмтлийг эмчлэхэд шинэ боломж, хэтийн төлвийг  бий болгож байна. Жишээ нь, тархмал склероз өвчнөөр шаналж буй хүмүүсийн мэдрэлийн эсүүд байнга устаж байдаг тул гэмтсэн эсүүдийг орлож чадах шинэ төрлийн эсүүдийг илрүүлснээр эмчилгээний цоо шинэ чиглэлийг бий болгох боломжтой.  


Гэхдээ илүү нарийн судалж тодорхой болгох зүйл олон бий. Тухайлбал, хүний тархийг судалж үзэхэд үржиж олширдог эсүүд олдоогүй ажээ. Энэ нь доноруудын настай холбоотой байж магадгүй бөгөөд хулгана дээр хийсэн туршилтын явцад хөгшрөх тусам ийм эсүүд байх магадлал буурч байгааг тогтоожээ. Цаашдаа залуу доноруудын тархины бүтцэд судалгаа хийснээр ийм төрлийн эсүүд бий эсэхийг тогтоох боломжтой. Эдгээр астроцитууд тархины гэмтэлд хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг вэ, хөгшрөх тусам хэрхэн өөрчлөгддөг вэ гэдгийг судлах нь эрдэмтдийн хувьд урт хугацаанд хэрэгжих том зорилт юм. Энэ бүхнийг танин мэдсэнээр тархины гэмтлийг эмчлэх, тархины эсүүд нөхөн төлжих үйл явцыг эрчимжүүлэх аргуудыг боловсруулах боломжтой.


Холбоотой мэдээ