ХОВД: Энэ онд гамшгийн эрсдэлийг бууруулах ажилд 140 сая төгрөг тусгажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. "Гамшгийн эрсдэлийн удирдлага" гарын авлага танилцуулах сургалт Ховд аймагт боллоо.
Адапт төслийн хүрээнд энэ сарын 11-нд болсон дээрх сургалтын зорилго нь орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүдийн гамшигт үзэгдлийг хохирол багатай даван туулах, урьдчилан сэргийлэх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж байв.
Энэ удаагийн сургалтад Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүд, Ховд аймгийн Онцгой байдлын газрын удирдлага, 17 сумын ЗДТГ-ын дарга, холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
Сургалтын хүрээнд гамшгийн эрсдэл, эрт сэрэмжлүүлэх тогтолцооны ач холбогдол болон бэлэн байдлын төлөвлөлт, стратегийн талаар мэдээлэл солилцож, аймагт хэрэгжүүлэх стандарт үйл ажиллагааны зураглалын төслийг багаар ажиллан боловсруулсан гэж Ховд аймгийн ИТХ-аас мэдээллээ.
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл 2024 онд аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэхээр таван бүлэг бүхий 26 ажил төлөвлөн хэрэгжүүлжээ. Харин 2025 оны төлөвлөгөөнд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоонд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах цогц ажлыг тусгаж, 140 сая төгрөг зарцуулахаар баталжээ.
Цаашид мөн иргэдийг соён гэгээрүүлэх сургалт, нөлөөллийн ажил үе шаттай өрнөнө.