ХОВД: Зам, даваанд халтиргаа үүсэхээс сэргийлэхийг зөвлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-03-13 12:33:16

Жаргалант, 2025 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутгаар өнөөдар 20:00 цаг хүртэл үүлшинэ. 

Их нууруудын хотгор болон уулархаг бүсийн сумдад цас орно.

Салхи баруун хойноос секундэд 2-7 метр байгаа бол агаарын температур ихэнх нутгаар -5-10 градус хүйтэн байна гэж Ховд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Өчигдөр өдөр Жаргалант, Булган, Чандмань, Ховд, Алтай, Дарви, Мянгад, Үенч сумын нутгаар 0.0-0.6 мм, өнгөрсөн шөнө Жаргалант, Зэрэг, Чандмань, Манхан, Ховд, Цэцэг, Дарви, Дуут, Эрдэнэбүрэн сумын нутгаар 0.2-7.0 мм тунадас орлоо.

Салхи ихэнх нутгаар секундэд 0-12 метр, түр зуурын өрөвхийлөлт их хурд секундэд 10-18 метр байв.

Агаарын температур өчигдөр өдөр -6 градус хүйтнээс +1 градус дулаан, өнгөрсөн шөнө -8-19 градус хүйтэн байлаа.

Одоогоор Ховд сумын нутагт 9 см цастай байгаа бол  Жаргалант, Алтай, Дарви, Эрдэнэбүрэн, Чандмань, Дөргөн, Үенч суманд 3-6 см цастай байна.


Харин Дуут, Манхан, Цэцэг, Мянгад, Булган, Зэрэг  сумын нутгаар 1см-ээс бага цастай байгаа юм.

Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, уулархаг нутгаар цасан шуурга шуурах ба үзэгдэх орчин хязгаарлагдаж,, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй.  Иймээс иргэд, тээвэрчид хол ойр зорчихдоо аюулгүй байдлаа сайтар хангаж,  учирч болзошгүй аливаа эрсдэлээс сэрэмжтэй байхыг Ховд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.


Түүнчлэн Ховд, Дунд цэнхэр, Долоон нуур, Бодонч, Үенч, Булган, Төгрөг, Буян гол болон  Хар-Ус нуурын мөсний зузаан олон жилийн дундажтай харьцуулахад 3-33 см нимгэн байгаа. Иймээс иргэд, тээвэрчид гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлох, цаг хожих зэргээр зорчихгүй, мөс цөмрөх аюул болон шар усны үерээс онцгойлон сэргийлэхийг зөвлөлөө.


Холбоотой мэдээ