Уур амьсгалын өөрчлөлт хиймэл дагуулуудын тоонд нөлөөлж болзошгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2025-03-12 12:47:47

ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 12 /Anadolu/. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Дэлхий орчмын сансрын орчин өөрчлөгдсөнөөр энэ зууны эцэс гэхэд нам дор тойрог замд ажиллах хиймэл дагуулуудын тоо цөөрч магадгүй гэдгийг Массачусетсийн Технологийн хүрээлэнгийн /MIT/ хийсэн хамгийн сүүлийн үеийн судалгаа харуулж байна. 


Шинжлэх ухааны “Nature Sustainability сэтгүүлд даваа гарагт нийтлэгдсэн судалгаанд дурдсанаар, хүлэмжийн хийн ялгарлын нөлөөгөөр агаар мандлын дээд давхарга, ялангуяа Олон улсын сансрын станц болон ихэнх хиймэл дагуул тойрон эргэлдэж буй термосфер хумигдаж байгааг судлаачид тогтоосон байна.


Термосфер хумигдах тусам агаар мандлын дээд давхарга дахь агаар нимгэрч, хуучин хиймэл дагуул, сансрын хог хаягдлыг унагааж шатаадаг хэсгийн хэмжээ багасна. Ингэснээр ажиллагаагүй болсон хиймэл дагуулууд, сансрын хаягдлууд тойрог замд илүү удаан хугацаанд байх тул мөргөлдөх эрсдэл нэмэгдэж, нам дор тойрог замд түгжрэл үүснэ гэж судалгаанд бичжээ.


Судлаачдын тооцоолсноор, 2100 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал нэмэгдсээр байвал тойрог замын гол бүсүүдийн даац 50-66 хувиар буурах магадлалтай байна. Ийм учраас хорт хийн ялгарлыг бууруулах, хиймэл дагуул хөөргөхтэй холбоотой зохицуулалтыг сайжруулах шаардлагатай гэдгийг дээрх судалгаанд онцолжээ.




Холбоотой мэдээ