ОНХС-ийн хөрөнгөөр ахуй үйлчилгээний ордон баригдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
montsame_user@montsame.mn
2015-09-04 15:21:54

Улсын тэргүүний Үенч сумын нутгаар..


Ховд аймгийн Улсын тэргүүний Үенч сумын 2015 оны Иргэдийн Төлөөлөгчийн хурлын 8 дугаар хуралдаанаар аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас сумын орон нутгийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээг 190,600,000 \нэг зуун ерөн сая зургаан зуун мянган\ төгрөгөөр тооцож баталжээ.

Тус санхүүжилтээр Үенч сум энэ онд нийт 11 нэр төрлийн төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд зарцуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Энэ оны хагас жилийн байдлаар орон нутгийг хөгжүүлэх сан нь нийт 38 орчим сая төгрөгийн санхүүжилт хийснээс ахуйн үйлчилгээний ордон шинэчлэн засварлахад 23, эрүүл мэндийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд 8, “Зөв хүн” хөтөлбөрт 1,3 сая, Улсын баяр наадамд 5 сая төгрөгийн санхүүжилт хийсэн байна.
Одоогийн байдлаар ахуй үйлчилгээний ордон засварлах ажил эхэлж, эхний хийсэн санхүүжилтээр барилгын дээвэр, цонх хийхэд ашиглагдах барилгын бараа материал авах зэрэгт зарцуулагдаад байна.
Тус суманд ахуй үйлчилгээний ордон баригдсанаар жижиг дунд бизнес эрхлэгчид болон аж ахуй нэгжүүд үйл ажиллагааг нэг цэгт төвлөрүүлж тэдний үйл ажиллагааг дэмжихээс гадна суманд ажлын байрын тоо нэмэгдэж иргэдийн амжиргааны түвшин дээшилнэ гэж үзэж байна.
Сумын эрүүл мэндийн төвийн хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр 8,044,300 төгрөгийн өртөг бүхий ЭХО аппарат худалдан авсан нь иргэд сумандаа эмнэлгийн үйлчилгээг түргэн шуурхай, цаг алдалгүй авдаг боллоо. Аймгаасаа 300-аад км алслагдсан Үенч сумын иргэд сумандаа оношлогоо хийлгэх нөхцөл бололцоо хангагджээ.
“Зөв хүн” хөтөлбөрийг дэмжин энэ оны хагас жилийн байдлаар 1,350,000 төгрөгийн санхүүжилт хийжээ. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулж, сумын соёлын төвийн ажилчидтай хамтран сумын төвийн хөдөөгийн багуудаар явж лекц яриа, урлагийн тоглолт хийж ард иргэдтэй нээлттэй ярилцаж тэдний санаа бодлыг сонсож байна.Үүний үр дүнд нийгэмд зөв бодол, зөв үг, зөв зорилго хүсэл мөрөөдөлтэй, зөв үйлдэл, зөв амьдрал, зөв хандлагатай эерэг бүхнийг өөрөө өөртөө бий болгох, аливаа үйлдлийг эерэгээр хардаг, ярьдаг бие биедээ итгэж дэмждэг өөртэй итгэлтэй, өөдрөг үзэлтэй “ЗӨВ ХҮН”-ийг төлөвшүүлэхийг чухалчилж байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд