С.Дэмбэрэл: Дэлхийд өрсөлдөх чадалтай боловсон хүчнийг ШУА дээрээ бэлтгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
boloroo8136@gmail.com
2025-03-23 10:19:56

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. XX зуунд их хаан Хубилай “Бичгийн мэргэдийн хүрээлэн” байгуулж байв. Эрдэм номыг эрхэмлэн дээдэлж ирсэн өвгөд дээдсийнхээ гэгээн уламжлалыг үргэлжлүүлэн 1921 онд Монгол Улсад шинэ тутам байгуулагдсан Ардын Засгийн газар нэн тэргүүнд Судар бичгийн хүрээлэнг байгуулсан байдаг. Ийнхүү өрнүүн түүхтэй Монгол Улсын Шинжлэх ухааны төв байгууллагын өнөөгийн үйл ажиллагаа, амжилт ололтын тухай ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэлтэй ярилцлаа.

-Монголын шинжлэх ухаан аль салбарт түлхүү хөгжиж ирэв. Бид дэлхийн шинжлэх ухааны хөгжлийн хаана нь явж байна вэ?

-Манай эх оронд орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжөөд өдгөө 103 жил болж байна. 1921 онд анх Судар бичгийн хүрээлэнг байгуулснаар орчин цагийн шинжлэх ухааны салбарын үндэс суурь тавигдаж, улмаар 1961 онд Шинжлэх ухааны академ болж эх орондоо шинжлэх ухааны төвлөрсөн байгууллагыг хөгжүүлж эхэлсэн юм. Монголын ШУА тухайн цаг үед ЗХУ-ын ШУА-тай нягт хамтын ажиллагаатай, бүтэц, зохион байгуулалтын хувьд ижил төстэй байсан ч, эрдэм судлалын чиглэлүүдийг тодорхойлон хөгжүүлэхдээ улс эх орныхоо түүх, хэл, соёл, урлаг, геологи, газар зүйн онцлогийг харгалзан тусгасан Монголын гэх тодотголтой суурь судалгааны үндсийг тавьж, хөгжүүлж ирсэн. Улс эх орондоо шинжлэх ухаан технологийн салбарыг хөгжүүлдэг ШУА-ийн энэ загвар нь зөвхөн ОХУ болон БНХАУ төдийгүй, олон улс оронд ч байдаг, шинжлэх ухаан технологийн тогтвортой хөгжлийг хангах сонгодог загваруудын нэг юм.

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооны үед манай улс шинжлэх ухааны салбартаа багагүй мөнгө буюу ДНБ-ийхээ бараг нэг хувь хүрэх хэмжээний мөнгө зарцуулдаг байв.

Зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэн тэр он жилүүдийн хүнд хэцүү байдал манай шинжлэх ухааны салбарыг тойрон өнгөрөөнгүй. Нийгэм эдийн засагт учирсан хүндрэлтэй өөрчлөлтийн нэгэн адилаар эрдэмтэн судлаачдын тоо цөөрч, зарцуулдаг хөрөнгө мөнгө багасаж ихээхэн өөрчлөлт хөдөлгөөн орсон байдаг. Эрдэм шинжилгээний олон ажилтан амьдралын эрхээр ажил мэргэжлээ орхиж, өөр салбар руу шилжсэн. Гэхдээ энэ хүнд он жилүүдийг манай ахмад үеийн эрдэмтдийн манлайлал, эрдэм номын ажлаа туйлбартай хөгжүүлэх итгэл зүтгэлийн ачаар ШУА-ийн эрдмийн хамт олон алдаа, оноотой давж гарсан. 

Тэгэхээр ШУА-ийн эрдэмтэн судлаачдын хийж байгаа судалгаа шинжилгээний ажлыг том зургаар нь Байгалийн шинжлэх ухааны, Нийгмийн шинжлэх ухааны гэж үндсэн хоёр чиглэлд хувааж болно. Өнгөрсөн нэгэн зуун жилийн хугацаанд монголын үндэсний мэргэшсэн эрдэмтэн судлаачдын нэг хэсэг үе өсөн торниж, олон улсын Шинжлэх ухааны хамтлагт өөрийн байр сууриа баттай эзлээд байна. Монголын түүх, соёл урлаг, газар зүйн байрлал, байгаль хүрээлэн орчин, геологи экологийн онцлог нөхцөлтэй уялдсан манай эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүн Дэлхийн мэдлэгийн сан хөмрөгийг баяжуулж, манай эрдэмтэн судлаачдын энэ бүтээлүүд олон улсын судлаачдын анхаарлыг үргэлж татаж байдаг.

-Өнөөгийн нөхцөлд ШУА-ийн үйл ажиллагаа хэрхэн өргөжиж байна вэ, уламжлалт суурь судалгаа явуулахаас гадна нийгэм рүү чиглэсэн ямар шинэ судалгааны ажлыг явуулж байна вэ?

-Өнөөдөр ШУА-ийн харьяа эрдэм шинжилгээний 16 хүрээлэнд нийт 1100 гаруй ажилтан албан хаагч ажиллаж байна. Эдгээрээс 870 гаруй нь эрдэм шинжилгээний ажилтан, үүний дотор академич 28, шинжлэх ухааны доктор /Sc.D/ 22, боловсролын доктор /Ph.D/ 273 ажиллаж байгаа. Эрдэм шинжилгээний нийт ажилтны 35.4 хувь нь доктор болон түүнээс дээш эрдмийн зэрэгтэй байна.

ШУА-ийн судалгаа шинжилгээний ажлыг үр бүтээлтэй хэрэгжүүлэх, цаашид улам бүр хөгжүүлэх хамгийн гол чухал зүйл нь мэдлэг боловсролтой авьяаслаг эрдэмтэн судлаачид юм. Шинжлэх ухаан технологийн салбарт хатуу дэд бүтэц, судалгааны лаборатори, багаж тоног төхөөрөмжийг худалдан авч болдог. Харин судалгаа хөгжүүлэлтийн ажлыг олон улсын түвшинд гүйцэтгэх чадвартай, туршлагатай үндэсний эрдэмтэн судлаачдыг бий болгоход багагүй цаг хугацаа, хамтын хичээл зүтгэл, хөрөнгө мөнгө зарцуулдаг юм. Өнөөгийн байдлаар манай хүрээлэн төвүүдэд уламжлалт онолын болон хэрэглээний судалгааны тодорхой чиглэлээр судалгаа хийх чадвартай эрдмийн хамт олон ажиллаж байна. Олон жил цаг хугацааны уртад хийдэг суурь судалгааны ажлаа манай эрдмийн хамт олон үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Мөн ШУА-ийн эрдэм шинжилгээний үйл ажиллагааг өргөжүүлэн Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” төлөвлөгөөг хэрэгжүүлэх, нийгэм эдийн засгийн эрэлт хэрэгцээнд суурилсан салбар дундын шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд манлайлан оролцохоор төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

Ялангуяа, нийгмийн өмнө тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд эрдэмтэн судлаачид хэрхэн яаж оролцох вэ, ямар манлайлал үзүүлэх вэ гэдэг асуудал нэн чухал.

Хамгийн эхэнд, нэгдүгээрт ирж буй он жилүүдэд Засгийн газраас дэвшүүлээд байгаа 14 мега төслийг хэрэгжүүлэхийн төлөө манай төр засаг, шинжлэх ухаан технологийн салбар, хувийн хэвшил, төрийн болон төрийн бус байгууллагууд эвлэлдэн нэгдэж нэг үйлсийн төлөө санаа бодол, хүч бололцоогоо нэгтгэн хамтран зүтгэх хэрэгтэй байна. Эдгээр бүх төсөл шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилтад суурилсан, орчин үеийн өндөр технологи, инновацын шийдлүүд агуулсан, шууд болон шууд бус олон талын ач холбогдолтой юм. Тиймээс ч энэ төслүүдийг манай шинжлэх ухаан технологийн салбарынхан бүрэн дүүрэн дэмжиж байгаа.

Эгийн голын УЦС-ын мега төсөл л гэхэд манай эрчим хүчний төвийн системийн ачааллын тохируулга хийх үндсэн зорилготой хэдий ч энэ станцын усан санг дагалдаад тухайн бүс нутагт эрчимжсэн газар тариалан, мал аж ахуй, загасны аж ахуй, аялал жуулчлал, дэд бүтцүүд бий болох юм. Өнөөдөр гацаанд байгаа энэ төслийн үйл ажиллагааг урагшлуулахын тулд манай ШУА нь ОХУ-ын ШУА-ийн эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж эхлээд байна. Хоёр орны эрдэмтэн судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг хамтран энэхүү төслийн Байгаль нуур болон Сэлэнгэ мөрөнд үзүүлэх нөлөөллийг судлах чиглэлээр өмнө нь хийгдсэн судалгааны ажлыг нэгтгэн дүгнэж санал дүгнэлт зөрүүтэй асуудлуудыг нягтлан шийдэж нэгдсэн байр сууринд хүрэх зорилго тавьж эхлээд байна.

Хоёрдугаарт, шинжлэх ухаан, технологийн агуулга өндөр эдгээр төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд бид эх орныхоо техник, технологийн суурь хөрс, техникийн хатуу дэд бүтэц баазыг бүрдүүлэх шаардлагатай. Техник, технологийн асуудлыг ямар нэгэн аргаар шийдвэрлэх бүрэн боломжтой. Харин тэнд ажиллах мэргэшсэн, оюуны чадамж өндөртэй үндэсний боловсон хүчнийг бүрдүүлэх асуудал бол түвэгтэй, амаргүй асуудал гэдэгтэй санал нийлэх байх. Чадвартай хүний нөөцийг богино хугацаанд, нэг жилийн дотор бэлтгэдэггүй. Он жилүүдийн туршид шат дараалалтай тасралтгүй үйл явцын дүнд бэлтгэдэг гэдгийг бид мэднэ. Энэ талаар манай ШУА санал санаачилга гарган ажиллаж байгаа.

Нэг жишээ л гэхэд, бид Монгол Улсдаа сансрын техник, технологийн чиглэлээр залуу, шинэ боловсон хүчнийг бэлтгэх, дадлагажуулан сургах чиглэлээр ажиллаж эхлээд байна.

Гуравдугаарт, эдгээр мега төслүүдийн ач холбогдлыг нийгэмд тайлбарлан таниулах, ач холбогдлын талаар энгийн ойлгомжтой мэдээллийг ард иргэддээ өгөх ажлыг сайн зохион байгуулах хэрэгтэй. ШУА-ийн эрдэмтэн судлаачид энэ чиглэлээр олон ажил зохион байгуулж зарим мега төслийн талаар олон талын оролцоог хангасан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулаад байна. Ингэхдээ ШУА-ийн бага чуулганы боломж хүчин чадлыг ашиглаж байна.

Сүүлийн үед сошиал ертөнцийн анхаарлын төвд байгаа ураны асуудлаар манай ШУА-ийн физик, математик, мэдээллийн технологийн бага чуулган, хими биологийн бага чуулган, геологи, газар зүй, хүрээлэн орчны бага чуулганы төлөөлөл оролцсон хэлэлцүүлгийг зохион байгуулж, эрдэмтэд энэ асуудлаар хийж гүйцэтгэсэн судалгааны ажлын талаар, гаргасан үр дүн дүгнэлтээ танилцууллаа.

Ураныг олдворлох, баяжуулах технологийн талаар манай иргэдийн ойлголт хомс, энэ асуудлын талаар ихээхэн санаа зовсон, аюултай хэмээн их айдастай байна. Энэ төслийн хүрээнд ашиглах технологийн талаар, түүнийг хэрхэн хянаж аюулгүй хэрэгжүүлэх талаар шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарыг манай эрдэмтэд өгсөн юм.

Энэ нь ч манай эрдэмтдийн нийгмийн өмнө хүлээсэн үүрэг. Энэ үүргээ бид цаашид ч биелүүлж байх болно.

-Манай улс шинжлэх ухааны салбартаа хуваарилж буй төсвийг хэд болгох хэрэгтэй гэж та үздэг вэ?

-Аливаа улс орны хөгжлийн түвшинг тодорхойлох нэг үзүүлэлт бол тухайн улсын шинжлэх ухаан, технологийн салбартаа зарцуулж буй санхүүжилтийн хэмжээ байдаг. Улс орнууд ДНБ-ийнхээ хэдэн хувийг шинжлэх ухаан, технологийн салбартаа зарцуулж буй үзүүлэлтээр нь тодорхойлдог гэсэн үг. Энэ үзүүлэлт нь тухайн улс орон  нийгэм эдийн засгийнхаа хөгжлийг хэрхэн шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөн хэрэгжүүлдгийг харуулдаг. Өнөөдөр дэлхий дахинд өрнөж буй улс орнуудын өрсөлдөөн, геополитикийн нэн төвөгтэй нөхцөл байдалд шинжлэх ухаан технологиороо бусдыг тэргүүлж байгаа тэр л улс олон улсын тавцан дээр давамгайлах байр суурийг эзэлж байна. Иймээс ч өндөр хөгжилтэй орнууд, хурдтай хөгжиж буй орнуудын шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх зардал жил бүр нэмэгдэж байна. АНУ, Хятад зэрэг өндөр хөгжилтэй улс орон, дунджаар ДНБ-ийхээ 3 хувийг шинжлэх ухаан технологийн салбартаа зарцуулдаг гэсэн тооцоо бий. Харин манай орны хувьд ойролцоогоор 0.1 гаруй хувьтай байгаа. Манай хувийн хэвшлийнхэн судалгаа хөгжүүлэлтийн ажилд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулдаг. Тэр бүгдийг тооцлоо гэхэд нийлээд 0.2 хувиас хол давахгүй болов уу гэж бодож байна.

Манай Засгийн газар 2025-2028 онд хэрэгжүүлэх “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хөтөлбөртөө “Шинжлэх ухаан, технологийн зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувьд хүргэж, шинжлэх ухаан, инновац, технологид суурилсан мэдлэгийн эдийн засгийн суурийг бэхжүүлнэ” гэж тусгасан.

Энэ заалтыг хэрэгжүүлэхийн тулд шат дараатай арга хэмжээг авах шаардлагатай. Хөрөнгө мөнгийг нэмэгдүүлж болно л доо. Гэхдээ түүнийг улс эх орныхоо нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолыг бэхжүүлэх, ард иргэдийнхээ амар амгалан аюулгүй байдлыг хангах, амьдралын түвшнийг дээшлүүлэхийн төлөө судалгаа шинжилгээний ажлуудыг хийж гүйцэтгэх шаардлагатай. Шинжлэх ухаан технологийн салбарт зарцуулах энэ нэмэгдэл хөрөнгө мөнгийг үр ашигтай зарцуулах, Засгийн газраас дэвшүүлээд байгаа хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн төлөө бодитой ажил хийх хэрэгтэй. Манай ШУА болон их дээд сургуулиудын харьяа эрдэм шинжилгээний хүрээлэн төвүүд судалгааныхаа цар хүрээг өргөтгөн шинээр сэтгэж олон улсын түвшинд томоор бодож ажиллах цаг мөч ирээд байна. Тийм боломж ч бий болж байна. Төрийн дэмжлэг хөрөнгө оруулалт ихсэж байна. Оюуныхаа потенциалыг дайчлан ажиллах томоохон мега төслүүд ч эхлэх гэж байна.

Олон улсын туршлагаас харахад шинжлэх ухаан, технологийн салбартаа 1.0 хувиас илүү хөрөнгө мөнгө зарцуулсан үед судалгаа шинжилгээний ажлын үр дүнгийнх нь нийгэмд үзүүлж байгаа нөлөөлөл нийгэмд мэдэгдэхүйц болж ирдэг юм байна. Ийм цаг үе бидэнд ирнэ гэдэгт итгэлтэй байна.


МАНАЙ УЛС ХОЛБООНЫ ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ТӨСЛИЙГ Ч  ЭХЛҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ 

-Манай улс сансарт хүнээ нисгэсэн дэлхийн 10 дахь орон, судлаачдынхаа хийж бүтээсэн багажаар сансар огторгуйд судалгаа хийж байсан улс. Сансрын техник технологийг эх орондоо хөгжүүлэх асуудал эрчимтэй яригдаж эхэллээ. Хөгжлийн шинэ үе ирж байна гэж хэлж болох уу. Хувийн компаниуд хүртэл бага оврын хиймэл дагуул хөөргөж байна шүү дээ. Энэ ажилд ШУА-ийнхны оролцоо ямар байна вэ?

-Манай улс 1981 онд өөрийн иргэнээ сансарт нисгэсэн дэлхийн 10 дахь улс болж сансар огторгуйд судалгааны олон төслийг хэрэгжүүлж зайнаас тандан судлах судалгааны чиглэлийг эх орондоо анх шинээр эхлүүлж байсан түүхтэй. Дэлхийн тойрог замд өөрсдийн эрдэмтдийн хийж бүтээсэн судалгааны багажаар хэмжилт хийж туршилт тавьсан 5 дахь орон ч гэдэг. Сансрын техник технологи, сансар судлалын чиглэлээр эрчимтэй ажиллаж байсан он жилүүд тэртээд үлджээ. Манай улс төвлөрсөн эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засаг руу шилжсэн тэр хүнд он жилүүд шинжлэх ухаан технологийн салбарт, тэр дундаа сансар судлалын салбарт хүндээр нөлөөлсөн юм. Энэ чиглэлээр хийж байсан судалгаа шинжилгээний ажлууд бүгд л зогсонги байдалд орсон. Харин сүүлийн жилүүдэд ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн харьяанд Сансар судлалын төвийг байгуулснаар энэ чиглэлийн судалгааны ажлыг шинэ шатанд гаргах нөхцөл бүрдээд байна. Энэ төвийг сансрын нисэгч Ж.Гүррагчаа гуай удирдаж, МУИС-ийн эрдэмтэн багш нар болон манай залуу ажилтнууд хамтран эх орондоо сансрын техник технологийг хөгжүүлэх итгэл үнэмшилтэйгээр нэгэн зорилгыг биелүүлэхийн төлөө ажиллаж байна.

Сансрын техник технологи нь техникийн хүчин чадал, их хэмжээний хөрөнгө оруулалт, ур чадвартай мэргэшсэн боловсон хүчнийг шаарддаг өндөр технологийн агууламж бүхий салбар. Манай орон сансрын хоёр том гүрний дунд байрладаг гэдгээрээ тун онцлогтой. 1981 онд бид хойд хөрш ОХУ-тай /тухайн үед Зөвлөлт Холбоот Улс гэсэн нэртэй байсан/ сансрын хамтарсан нислэгийг зохион байгуулж байсан олон жилийн хамтын ажиллагааны туршлагатай. Харин өнөөдөр манай урд хөрш БНХАУ олон улсын хэмжээнд сансрын техник технологи, сансар судлалын салбарт томоохон тоглогч болоод байна. Урд хөрш маань дэлхий дээр өөрийн улсын мэдлийн сансрын станцтай ганц оронд тооцогдож байна. Олон улсын сансрын станц үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэхдээ энэ станцын хэвийн үйл ажиллагааг АНУ, ОХУ, Европын холбоо, Япон гээд олон улс хамтран хэрэгжүүлдэг.

Манай залуу судлаачид монгол хүний гараар "Мазаалай" анхны сургалт судалгааны хиймэл дагуулыг хийж бүтээн сансарт хөөргөсөн туршлага бий. Дараагийн ийм төрлийн "Тэмүүлэл" хиймэл дагуулыг хийж дуусгаад хөөргөхөөр бэлдэж байна. Гэхдээ бид зайнаас тандан судлалын хиймэл дагуулын бүлийг бүтээн, дэлхийн тойрог замд хөөргөн ашиглах шинэ түвшинд хүрэх хэрэгтэй байна. Манай Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа холбооны хиймэл дагуулын төслийг ч гэсэн бид эхлүүлэх шаардлагатай байна. Бид шинжлэх ухаан технологийн багтаамж агуулга өндөр энэ төслүүдийг өнөөдөр эхлүүлэхгүй бол хэзээ эхлүүлнэ гэж хүлээн суух юм бэ. 5-10 жилийн дараа ийм төсөл хэрэгжүүлнэ гээд дахиад л яриад байж баймааргүй байна. Энэ төсөл нь шууд болон шууд бус олон талын ач холбогдолтой. Энэ чиглэлийн техникийн лаботори бааз, газрын станц шинээр бий болно. Өндөр түвшний үндэсний боловсон хүчин бий болж эхэлнэ шүү дээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа санаачлан хэрэгжүүлж эхэлсэн, энэ оноос ашиглалтад орох Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборт манай ШУА нь сансар судлал, сансрын технологи, дрон зохион бүтээж турших лабораторийг байгуулна. Энэ лабораторийг хамтран байгуулж төр, их, дээд сургуулиуд, хувийн хэвшлийнхэн гээд бүгд мөр зэрэгцэн ажиллах боломжтой болох юм.

1000 инженерийн хөтөлбөрийн хүрээнд Японд сансрын технологийн чиглэлээр манай олон залуус суралцаад ирж байна. Цаашдаа ч энэ чиглэлээр шинэ залуу судлаачдыг бэлтгэх ажлыг үргэлжлүүлнэ. Сансрын түүхтэй улс орны хувьд бид олон улсын хөгжлөөс хоцрохгүй эх орондоо сансрын техник технологийг хөгжүүлэх энэ мега төслийг эхлүүлэн хэрэгжүүлмээр байна. Ингэж байж л бид олон улсын технологийн хөгжлөөс хол хоцролгүй, түүнтэй хөл нийлүүлэн явах болно.

-ШУА дэлхийн бусад орны ШУА-тай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь нэн чухал байх. Ер нь гадаадын судлаачид ямар салбар, чиглэлээр манай эрдэмтэдтэй хамтран ажиллах сонирхолтой байдаг вэ?

-Олон улсын хэмжээнд улс орнуудын эрдэмтэн судлаачид улс төрийн тогтолцоо, хөгжлийн ялгаатай байдал, яс үндэс, шашин шүтлэг болон бусад өөр өөр нөхцөл байдлаас үл хамааран шинжлэх ухааны олон чиглэлээр судалгаа шинжилгээний ажлыг хамтран гүйцэтгэж ирсэн түүхтэй. Үүнийг эрдэмтэн судлаачдын академик эрх чөлөө ч гэх бий. ШУА-ийн эрдэмтэн судлаачдын хувьд энэ академик эрх чөлөө их чухал. Үүнийг ашиглан манай эрдэмтэд бусад улс орны судлаачидтай хамтран судалгааны олон чиглэлээр харилцан сонирхолтой, эрх тэгш байдлаар ажиллаж ирсэн.

Гадаадын эрдэмтэн судлаачид манай орны түүх археологи, соёл урлаг, газар зүйн байрлал, геологийн өвөрмөц тогтоц, ус цаг уур, хүрээлэн буй орчны онцлог нөхцөл байдалтай уялдаатай судалгааны ажлыг хамтран хийх сонирхолтой байдаг.

Геологи, геофизик, түүх археологи, палеонтологи, биологи ботаник, хөдөө аж ахуй, уламжлалт анагаах ухаан гэх мэт судалгааны чиглэлээр гадны эрдэмтэдтэй олон төсөл хэрэгжүүлж байна. Зөвхөн археологийн чиглэлээр л гэхэд өнгөрсөн жил олон улсын эрдэмтэн судлаачидтай хамтран 40 гаруй хээрийн судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн байх жишээтэй.

ДЭЛХИЙД НЭРД ГАРСАН МОНГОЛ ЭРДЭМТЭД

-Монголын эрдэмтэн судлаачид аль салбарт дэлхийд үнэлэгдэж байна вэ?

-Дэлхийн шинжлэх ухааны сан хөмрөгт Монголын гэсэн тодотголтой, өөрийн хувь нэмрийг оруулж, эх орныхоо шинжлэх ухааны салбарт нэрээ мөнхөлсөн олон сайхан эрдэмтэд бий. Бүгдийг нь нэг нэгэнгүй дурдахад ч гэсэн их урт жагсаалт бий болно. Манай алдарт, ахмад эрдэмтэн судлаач Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн гуайгаас эхлээд их эрдэмтэн Б.Ширэндэв, газарзүйч Ш.Цэгмид гуай, нэрт палеонтологич Р.Барсболд, геологич О.Төмөртогоо, Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт физикч Х.Намрай гуай, Д.Доржготов агсан гээд л багахан хэсгийг нэрлэж болно. Монгол Улсдаа Шинжлэх ухаан технологийн салбарыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан олон сайхан эрдэмтэд байсан. Одоо ч гэсэн нэр хүндтэй олон эрдэмтэн судлаач оюун ухаанаа чилээн, эрдэм номынхоо ажлыг үргэлжлүүлсээр л байна.

Манай залуу судлаачид ч гэсэн өндөр хөгжилтэй орнуудад эрдэм номын мөр хөөж, гадаадын эрдэмтэн багш нартайгаа мөр зэрэгцэн ажиллаж байгаад эх орондоо эргэж ирээд ажиллаж байна. Өндөр хөгжилтэй оронд судалгааны лабораторийг удирдан ажиллаж байгаа монгол эрдэмтэн ч бий. 

Генетикийн судалгааны чиглэлээр Бирагийн Арьяа Америкт ажиллаж байна. Монгол хүний оюуны потенциалыг дэлхий дахинд харуулж байгаа, генетикийн чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд зэрэглэлийн эрдэмтдийн нэг.

Тэрбээр хүний суурь өвчин болон дархлаатай уялдаатай өвчнийг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх шинэ арга технологийг хөгжүүлэх, дархлаа судлалын чиглэлээр шинэ нээлтүүдийг хийж Дэлхийн эрүүл мэндийн салбарт шинэ дэвшил гаргасан. Түүний судалгааны нээлт, бүтээлээс олон улсын эрдэмтэн судлаачид эшилж, үргэлжлүүлэн хөгжүүлж байна. 

Мөн доктор Ц.Нямхишиг АНУ-д судалгааны том лабораторийг удирдан гадаадын эрдэмтэн судлаачдыг манлайлан ажиллаж байна. Нөхцөл бололцоог нь зөв бүрдүүлж чадвал Монгол эрдэмтэн хүний оюуны потенциал дэлхийд дээгүүр байж болно гэдгийг л тодотгох зорилгоор дээрх хоёр жишээг хэллээ. Дэлхийн хаана ч ажиллаж байлаа гэсэн монгол эрдэмтэн хүний дотор эх орноо гэсэн сайхан сэтгэл үргэлж байдаг. Доктор Б.Арьяа болон бусад нэрд гарсан олон эрдэмтэн Монголынхоо залуу судлаачдыг өндөр хөгжилтэй орнуудад сурч боловсроход нь үргэлж тусалж дэмждэг гэдгийг энд онцолмоор байна.

-Манай эрдэмтдийн сүүлийн үеийн судалгааны бүтээлийн онцлогийн хувьд?

-Судлаачдын гаргадаг гол бүтээл гэвэл эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлүүд, судалгааны нэгэн сэдэвт ном зохиол юм. Өнгөрсөн жилд манай судлаачид ном, нэг сэдэвт болон хамтын бүтээл 243, эрдэм шинжилгээний өгүүлэл 906, үүнээс гадаадад 436, эрдэм шинжилгээний илтгэл 1555, үүнээс гадаадад 462, нийт 2704 бүтээл хэвлэн нийтлүүлсэн байна. Түүнээс гадна шинжлэх ухааны хялбаршуулсан ном 37, нийтлэл, өгүүлэл 221, лекц 248, патент 12, технологийн загвар 8, стандарт 7, аргачлал, гарын авлага 13, зөвлөмж 39, зураг, каталог 163, хээрийн судалгааны тайлан 202-ыг бичсэн нь багагүй үр дүн юм.

Манай химич, түүх археологич, палеонтологийн судлаачдын судалгааны үр дүнгүүд үргэлж онцлог шинэлэг талтай байдаг учраас бусад орны эрдэмтэн судлаачдын анхаарлыг ихээхэн татдаг.

Манай академич Ж.Тэмүүжиний бүтээлүүд олон улсын түвшинд хамгийн өндөр эшлэлтэйд тооцогддог учраас олон улсад тооцоологддог эшлэлийн коэффициентээрээ манай судлаачдын дунд тэргүүлдэг.

Энэ коэффициентийн үзүүлэлтээрээ эрдэмтэд өөр хоорондоо өрсөлддөг. МУИС, ШУТИС, АШУҮИС болон бусад их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, багш профессорууд ч мөн адил өндөр зэрэглэлийн сэтгүүлд хэвлүүлж байгаа бүтээлийн тоогоороо бусдыгаа тэргүүлсээр байна.

2024 онд олон улсын өндөр зэрэглэлийн эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд манай ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид эрдэм шинжилгээний 175 өгүүлэл хэвлүүлж, түүнээс олон улсын судлаачид олон удаа эшлэл авсан байгаа юм. Энэ өгүүллүүдийн зохиогчоор гадаадад ажиллаж байгаа манай эрдэмтэд, түүний дотор ОХУ-ын Дубна хот дахь олон улсын Цөмийн судалгааны нэгдсэн институтэд ажиллаж байгаа Монгол эрдэмтэн судлаачид байна.  Өнөөдөр Монголын 10 гаруй физикч эрдэмтэн гэр бүлийн хамт тэнд ажиллаж амьдарч байна.

-Шинжлэх ухаан, технологийн салбарт хийж буй томоохон бүтээн байгуулалтын ажил ямар явцтай байна вэ?

-Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага-Судар бичгийн хүрээлэн байгуулагдсаны 100 жил, ШУА-ийн  60 жилийн ойг хэдхэн жилийн өмнө ёслол төгөлдөр тэмдэглэсэн. Өнгөрсөн 100 жилийн түүхэндээ монголын эрдэмтэн судлаачид юу хийж бүтээв, дэлхийн мэдлэгийн сан хөмрөгийг ямар бүтээлээрээ баяжуулж чадав гэдгээ дүгнэн хэлэлцсэн.

Манай ахмад үеийн эрдэмтэн судлаачид чамлахааргүй ихийг хийж бүтээсэн байна. Бид шинэ 100 жилдээ төр засгийн дэмжлэгтэй томоохон бүтээн байгуулалтуудыг хийхээр ажиллаж байна.

2019 онд тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга, ивээл дор Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурлыг “Хандлагаа өөрчилье” уриан дор зохион байгуулсан юм. Манай төр засгаас шинжлэх ухаан технологийн салбарт, эрдэмтэн судлаачид бид өөрсдийн судалгаа шинжилгээний ажилдаа хандах хандлагаа эргэж харах талаар өргөн дэлгэр ярилцсан юм. Энэ их хурлаас шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор, шинжлэх ухааны хотхон байгуулах шийдвэрийг гаргасан. Тухайн үедээ мөрөөдөл мэт бодогдож байсан тэр асуудал өнөөдөр биеллээ олж бүтээн байгуулалтын их ажил өрнөж удахгүй Монгол Улс шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн томоохон цогцолбортой болох гэж байна.

Энэ жил лабораторийн 3 барилга ашиглалтад ороход бэлэн болж, судалгааны тоног төхөөрөмж авах л үлдлээ. Оффисын 2 барилгыг 2026 онд бүрэн ашиглалтад орохоор төлөвлөж байна. Шинжлэх ухаандаа хандах хандлага өөрчлөгдөж тодорхой үр дүнд хүрээд байна. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шиг бид сайхан цогцолбортой болж байна. Одоо судалгааны лаборатори, багаж тоног төхөөрөмжийг суурилуулах асуудал яригдана. Энэ чиглэлээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШУА болон эрдэмтэн судлаачдыг дэмжин ажиллана гэж хэлсэн нь бидэнд урам өгч байгаа. Цолцолборыг байгуулна гээд байгууллаа. Орчин үеийн судалгааны багаж тоног төхөөрөмжтэй болохын төлөө хамтран ажиллана. 

Энэхүү цогцолборт шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүрээлэнгүүд цугларч, цогц үйл ажиллагаагаа явуулах юм. Лабораторийн нэгдсэн байранд ШУА-ийн хүрээлэнгүүдийн лабораториуд нүүж очно. Энэ лабораториудад бид хувийн хэвшил, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах болно.



-Салбартаа тэргүүлэгч эрдэмтэн судлаачдыг төрүүлэхийн тулд ШУА ямар бодлого барьж байна вэ?

-Манай академийн хамгийн үнэтэй хайрлан хамгаалж байх зүйл бол эрдэм мэдлэгтэй чадвартай, ёс суртахуунтай, туршлагатай эрдэмтэн судлаачид юм. Мэдлэг чадвартай сайн судлаачийг сургаж бэлтгэх асуудал бол урт цаг хугацаа шаардсан, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулах амаргүй ажил. Шинжлэх ухаан технологийн салбар бол бусад салбараас огт өөр, өөрийн гэсэн онцлогтой салбар. Мэдлэг боловсролоо байнга дээшлүүлж байдаг, шинэ санаа шинэ мэдлэгийг бодож сэтгэдэг, түүнийгээ туршиж шалгадаг, дүгнэж цэгнэдэг эрдэмтэн судлаачийг бэлтгэн дадлагажуулна гэдэг тун амаргүй ажил. Эрдэмтэн судлаачид өөрсдийн шавиа бэлдэх, тэднийг дагуулан сургах, бие даан судалгааны ажлыг гүйцэтгүүлэх гээд хүний нөөцийг бэлтгэх асуудал тасралтгүй цикл маягаар үргэлжлэн явагддаг үйл явц.

ШУА хал үзэж туршлагажсан туршлагажсан ахмад эрдэмтэд, эрдэм мэдлэг, арга барил чадвар нь тэгширсэн эрдмийн дунд үеийнхэн, ирээдүй өөд тэмүүлсэн авьяаслаг залуу залгамж үеийн зохистой харьцааг хадгалахын төлөө ажилладаг. Бид чадварлаг залуу судлаачдыг бэлтгэн дадлагажуулах асуудалд их анхаарал тавин ШУА-ийн их сургуулийг үүсгэн байгуулаад байна. Үүндээ ахисан түвшний сургалтыг зохион байгуулж залуу эрдэмтэн судлаачдыг бэлтгэх ажлыг эрчимжүүлнэ. Залуу үе бидний ирээдүй шүү дээ.

- ШУА-ийн их сургуулийг байгуулах Засгийн газрын тогтоол гарсан. Энэ сургууль яагаад чухал вэ? 

-Монгол Улсын ШУА-ийн эрдэмтэн судлаачдын чадварлаг нөөц бололцоо, тэдний он удаан жилийн туршид хуримтлуулсан мэдлэгийн сан, судалгааны лаборатори техник хангамжийг ашиглан ахисан түвшний сургалтыг судалгааны хүрээлэн төвүүд дээр явуулах юм. Ийм их сургуулиуд БНХАУ, Солонгос, ОХУ болон бусад улс оронд бий. Магистр болон докторын түвшний сургалт явуулж залуу судлаачдыг сурган бэлтгэх ажлыг хүрээлэн төвүүд дээрээ зохион байгуулах юм. Засгийн газрын энэ шийдвэр Монгол Улсад шинжлэх ухааны салбарын залуу шинэ боловсон хүчнийг бэлтгэхэд түлхэц болохуйц нэн чухал шийдвэр болсон гэж би боддог. Энэ шийдвэрийг бид бүрэн хэрэгжүүлнэ. Бид МУИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС гээд төрийн болон хувийн их сургуультай хамтран ахисан түвшний сургалтыг явуулна. Бид дотооддоо хамтран цаашдаа ирээдүйд Дэлхийд өрсөлдөх чадалтай залуу боловсон хүчнээ ШУА дээрээ бэлдэх болно.


Холбоотой мэдээ