СЭЛЭНГЭ: Өсвөрийн шатарчид улсын аварга болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-03-17 15:06:52

Сүхбаатар, 2025 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль, 1 шагналт байр эзэлсэн амжилтаар Сэлэнгийн шатарчид улсын аварга болжээ. 

 

Энэ тэмцээний ангилал тус бүрийн эхний гурванн байрт шалгарсан өсвөрийн шилдэг шатарчид тив, дэлхийн аварга шалгаруулах олон улсын томоохон тэмцээнд Монгол Улсаас оролцох эрхтэй болсон юм.

 

Уг тэмцээн энэ сарын 10-16-ны өдөр “Корпрэйт конвеншн центр” цогцолборт боллоо.

 

54 сая төгрөгийн шагналын сантай тус шигшээ тэмцээн 7-8, 9-10, 11-12, 13-14, 15-16, 17-18 насны ангиллаар өрнөсөн ба нийслэлийн 378, 21 аймгийн 882 гээд нийт 1260 өсвөрийн шилдэг шатарчин оролцжээ. 

 

Тэмцээнд Сэлэнгэ аймгаас 40 тамирчин оролцсон юм. 

Ингээд тэмцээний 10 хүртэлх насны охидын ангилалд Сэлэнгэ аймгийн “Таван хан” клубийн тамирчин, Мандал сумын ерөнхий боловсролын  гуравдугаар сургуулийн 4В ангийн сурагч О.Оюун-Эрдэнэ гуравдугаар байрт шалгарчээ. Харин 14 хүртэлх насны нээлттэй ангилалд “Таван хан” клубийн тамирчин, Сүхбаатар сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн 8А ангийн сурагч Б.Цолмон тэргүүн байр, дэд байрт “Таван хан” клубийн тамирчин, Сүхбаатар сумын лаборатори дөрөвдүгээр сургуулийн 7а ангийн сурагч Т.Түвшинтулга шалгарсан байна.

 

Мөн тэмцээний 16 хүртэлх насны нээлттэй ангилалд Мандал сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн 9В ангийн сурагч, спортын дэд мастер, Б.Дүүрэнхишиг гуравдугаар байрт шалгарчээ. 

 

Түүнчлэн 14 хүртэлх насны нээлттэй ангилалд “Таван хан” клубийн тамирчин, Сүхбаатар сумын ерөнхий боловсролын  нэгдүгээр сургуулийн 9в ангийн сурагч Б.Сэргэлэн тусгай байрт шалгарав. 


Тэмцээнийг Монголын шатрын холбоо, Оюуны спортыг дэмжигч АПУ дэйри компани хамтран зохион байгуулжээ. 

Холбоотой мэдээ