Үндсэн хуулийн цэцийн энэ оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авахаар тогтов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-03-18 14:19:51

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 31.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц энэ оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа хэлэлцжээ. Ингэхдээ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт "Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна" гэж заасан нь Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ", 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", 2 дахь хэсэгт "Хүнийг ... үзэл бодол ... -оор нь ялгаварлан гадуурхаж үл болно", Арван зургаадугаар зүйлийн 9 дэх заалтад "Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй" гэснийг тус тус зөрчсөн байна гэж үзжээ. Иймд уг заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Холбогдох журмын дагуу санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн дээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзсэн аж. Иймд энэ талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

 

Холбоотой мэдээ