ХОВД: Хүн амын 50 гаруй хувийг эрэгтэйчүүд эзэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний түүхт 104 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн төв талбайд байрлах Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөх ёслол зохион байгууллаа. Ёслолд орон нутгийн удирдлагууд, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчид, иргэдийн төлөөлөл оролцож, хүндэтгэл илэрхийлэв.
Ташрамд, Ховд аймаг 90 мянга гаруй хүн амтай. Үүний 50.1 хувь нь эрэгтэйчүүд юм. Өнгөрсөн онд хийсэн судалгаагаар цэргийн алба хаасан байдлыг үзэхэд, 18-29 насныхан 5.3 хувь, 30-39 насныхан 25.4 хувь, 40-49 насныхан 33.5 хувийг эзэлж байна. Мөн 50-59 насныхан 20.8 хувь, 60-аас дээш насныхан 15 хувийг эзэлдэг.