Цас эрчимтэй хайлах тул шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхааруулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Нутгийн хойд хэсгээр өнөөдөр 8-20 цаг хүртэл үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр хүрнэ.
Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -7-12
градус, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор 0-5 градус хүйтэн, Алтай, Хангай,
Хөвсгөлийн уулархаг нутгаар 0+5 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн
нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11-+16 градус, бусад
нутгаар +6-+11 градус дулаан байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй
шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг ЦУОШГ анхааруулжээ.