ДАРХАН-УУЛ: Хиймэл нуурын тухай цуврал зургийг Д.Батмөнх зуржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Аймгийн музейд Дархан нутагтай холбоотой олон уран зураг хадгалагддаг. Түүний нэг нь Зулзагын гол зуслангийн бүс дэх хиймэл нуурыг илэрхийлсэн уран зургийг одоогоос 22 жилийн өмнө Монголын Урчуудын эвлэлийн тэргүүний ажилтан, СТА, зураач Д.Батмөнх зуржээ.
Зулзагын голын хиймэл нуур нэртэй уг зураг нь 50х70 хэмжээтэй зотон тосон зураг юм.
Цуврал хоёр зохиомжийн эхний зурагт Зулзагын голын хиймэл нуурыг байгуулахаас өмнөх байдлыг харуулжээ. Эндээс өндөр уулсаар хүрээлэгдсэн цэлгэр хөндийд цөөн тооны мал бэлчиж буй хийгээд түүний цаана бургас, модоор хүрээлэгдсэн Зулзагын голыг харж байна.
Харин хоёр дахь зурагт тэрхүү хөндий тал усаар дүүрч, цэлэлзэн мяралзах нуур болон хувирчээ.
Нуурын захаар наран шарлагын газар, түүнээс холгүй уулын хормойд амралтын байрууд бий болж хүмүүс нуурын эргээр майхан, сүүдрэвчээ босгон амарч, тоглож байна. Мөн нуурт завьтай хүн харагдана.
Түүх сөхвөл 1975 онд Дархан хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны тогтоолоор зулзагын голын Тайн олмоос дээш 13 км урт, 6 км өргөн шилмүүст ойн зурвасыг 13 цагаан зээр, 30 шахам бор гөрөөстэй нь дархалсан тогтоол гаргаж, тэнд уурын зуух, цахилгаан, холбооны шугам ил татахыг хориглож 16 га талбай бүхий нуур байгуулжээ.
Энэхүү
нуурыг Дархан хотын залуучууд, хөдөлмөрчин олон, Зөвлөлтийн барилгачидтай
хамтран гурван сарын дотор бүтээн байгуулжээ. Ингэснээр ая тухтай амрах сайхан
орчныг бүрдүүлж чаджээ.