СЭЛЭНГЭ: Булаг, шандын эхийг хашиж хамгаалснаар 4 булаг сэргэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны гуравдугаар
сарын 21 /МОНЦАМЭ/. Дэлхийн уур
амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан Сэлэнгэ аймгийн хэмжээнд
сүүлийн 5 жилийн хугацаанд 7 булаг, шанд ширгэжээ.
Үүнийг сэргээх, хамгаалах чиглэлээр
арга хэмжээ авч, булаг, шандын эхийг хашиж
хамгаалснаар 4 булаг сэргэсэн байна.
Сэлэнгэ аймгийн усны асуудал ямар
байгаа талаар аймгийн БОГ-ын усны асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Хонгороос тодрууллаа.
Тэрбээр, аймгийн тухайд усны
талаар тулгамдсан асуудалгүй байгаа. Аймгийн хэмжээнд булаг шандын эхийг
хамгаалах, хөв цөөрөм барих, усны тоо бүртгэлийг баяжуулж сэргээх, голын эрэг
орчмыг тэмдэгжүүлэх, хамгаалах, голын татмыг бургасжуулах, энгийн болон онцгой
хамгаалалтын бүсийг мөрдүүлэх зэрэг ажлыг
хийж байна. Мөн БОГ-аас 6 дугаар сард усны улсын зөвлөгөөнийг
аймгийн төв Сүхбаатар сумандаа
зохион байгуулахаар төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна
хэмээн ярилаа.
Сэлэнгэ аймагт гол 613, булаг
шанд 260, нуур 47, хөв цөөрөм 3, рашаан болон төст булаг 29 байдаг бөгөөд нийт
гадаргын усны нөөцөөрөө улсдаа 3-р байрт эрэмблэгддэг байна. Аймгийн нийт
усны нөөц 1,4 сая км/кв юм.
Уснаас аймагт орох орлого жил
бүр 2,000,000, 000 /хоёр тэрбум/ төгрөг төвлөрдөг байна.
Монгол орны гадагш урсгалтай 2
том голын төгсгөл хэсэг Сайханы хөтлөөс харагдах Орхон, Сэлэнгийн бэлчирт
нийлэн Байгал нуур, Енисей мөрөн цаашлаад хойд мөсөн далайг тэтгэдэг байна.