БАЯНХОНГОР: Эхийн голд анхны бороо орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Өнөөдөр /2025.03.24-нд/ 11:00 цагийн ажиглалтын мэдээгээр хаврын анхны бороо Эхийн голын баянбүрдэд орсныг аймгийн УЦУОШГ-аас мэдээлэв.
Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхийн гол баг нь Баянхонгор аймгийн газар тариалан, хүнсний ногоо тариалалт хийдэг гол цэгийн нэг юм.
Эхийн гол бол жилийн дундаж агаарын хэм +5, хур тунадас 30 орчим мм буюу хур тунадас багатай өвөрмөц уур амьсгалтай нутаг. Зун хөрсөн дээр +50, түүнээс ч давж халах нь бий.
Тус баг алдарт Сэгс цагаан богд уулын ар хормойд Улаанбаатараас 1100 гаруй км, аймгаас 430 км, сумаас 180 км-т оршдог.
Эхийн голын домог
Эрт цагт Баянбүрд биш цөлд орших ганц худаг байсан бөгөөд долоон хүүхэдтэй нэгэн эмэгтэй уг худгийг бараадан амь зуудаг байжээ. Гэтэл тэнд хятадын хуйхуу хэмээх дээрэмчид ирж энэ айлыг хүйс тэмтрэн сүйтгэж, амин зуулга болсон хэдэн малыг нь цөлбөн авч явсны дараа хүүхдүүдийнх нь тоогоор Нүдэн булаг, Наран булаг, Дүржигнүүр булаг, Морьтбулаг, Ар булаг, Их булаг, Тоонолжин хэмээх долоон булаг оргилон гарч том баянбүрд болсон домогтой. Энэ явдлаас хойш "Ээжийн гол" хэмээн нутгийн ард нэршсэн бөгөөд он цагийн уртад Эхийн гол хэмээн хэвшжээ.
Эхийн голтой холбоотой өөр нэгэн домог ч бий. Нэгэн цагт тэндхийн баянбүрдэд хэдэн малтай нэгэн эмгэн нутагладаг байсан бөгөөд хол газрын аялагч, жуулчинг сайхан цай, амтат идээгээр дайлдаг байсан тул Эхийн гол хэмээн нэрлэсэн байна.