Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг сайжруулж, бодлогын шинэчлэл хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг тогтвортой явуулахын тулд хүний нөөцөө бэлтгэж, эрх зүйн орчинг шинэчлэх шаардлагатай байна.
Учир нь энэ салбарт ажиллах хүний нөөц дутмаг, барилга нь хуучирч муудсан зэрэг асуудал бий. Мэргэжлийн холбоо, төрийн байгууллагууд ч хүүхдийн зуслангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохдоо зөвлөдөггүй, үйл ажиллагааг нь хянадаггүйгээс амралт, сувиллын газар, жуулчны бааз байдлаар ашиглах нь түгээмэл. Иймд үйл ажиллагааг нь тогтвортой болгохын тулд бодлогийн шинэчлэл хийх шаардлагатайг ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан Монголын үндэсний зуслангуудын холбоо ТББ-ын төлөөлөлттэй уулзах үеэрээ онцоллоо.
"Хүүхэд боловсролыг ганцхан сургуулиас авдаггүй. Хүүхдийн зуслан бол бие даан амьдрах чадварт сургадаг орчин юм. Цаашид эцэг эхийнх нь нийгмийн даатгалын шимтгэл төлөхтэй уялдуулж тодорхой хөнгөлөлт үзүүлдэх, хууль, эрхзүйн орчныг шинэчлэх, санхүү, хүний нөөцийн хувьд тогтвортой хөгжлийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ. Боловсролын яамтай уялдаа холбоогоо сайжруулж, багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудаа зусланд дадлага хийдэг болгоход анхаарна" гэдгийг сайд Л.Энх-Амгалан тэмдэглэснийг салбарын яам мэдээлжээ.
Улсын хэмжээнд бүртгэлтэй 55 зуслангийн 35 нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг аж.