“Монгол хүн-Эрсдэлийн боловсрол” аяныг орон даяар эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-03-24 12:17:23

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газраас ой, хээрийн түймрийн нөхцөл байдал болон өнөөдрөөс эхлүүлж буй “Монгол хүн-Эрсдэлийн боловсрол” аяны талаар мэдээлэл хийлээ.


Боловсролын сайдын 2024 оны долоодугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэх тухай” А/01 дүгээр тушаалын хүрээнд II улирлын бие даалтын долоо хоног орон нутагт өнөөдрөөс эхэлсэн. Тэгвэл үүнтэй холбогдуулан Онцгой байдлын байгууллагаас “Монгол хүн-Эрсдэлийн боловсрол” аяныг орон даяар эхлүүлжээ. Энэхүү аяны хүрээнд иргэдэд зориулсан урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэх аж.


Энэ талаар Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн ярихдаа, “Жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоон хоногийн лхагва гарагт газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү өдөр гуравдугаар сарын 26-нд тохиож байна. Мөн Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын дагуу гамшгийн тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах сургалт, дадлагыг пүрэв гарагийн 16:00 цагт улсын хэмжээнд зохион байгуулах тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг идэвхтэй оролцохыг уриалж байна. Мөн сурагчдын бие даалтын долоо хоногт эхэлж байгаатай холбогдуулан дээрх аяныг зохион байгуулж байгаа юм. Энэ аян нэг жилийн хугацаанд үргэлжилнэ. Шадар сайдын санаачилсан уг аяны хүрээнд сургалтууд зохион байгуулж, сар бүрийн дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагийг иргэн бүр өрхийн аюулгүй, эрсдэлийн бэлэн байдлаа хангах өдөр болгож зарласан. Өнгөрсөн жил манай улсад 36400 орчим газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэнээс 40 нь 3.5 магнитудаас дээш хүчтэй байсан” гэв.


Мөн УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, “Улсын хэмжээнд 2021-2024 онд гарсан ой, хээрийн гал түймрийн 49.8 хувь нь зүүн бүсийн аймгуудад тохиолдсон. Сүүлийн өдрүүдэд ой, хээрийн түймрийн дуудлага эрс нэмэгдэж байна. Мөн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй. Маргааш, нөгөөдөр ихэнх нутгийг хамран хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна” хэмээн ярилаа.  


Тэгвэл ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаярын өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар найман аймгийн 20 суманд 28 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ. Үүний уршгаар  ойн 887 га, хээрийн 1.3 сая га талбай, 39 гэр, 15 сууц, чингэлэг, зургаан автомашин, 11 мотоцикл, 75 малын хашаа, 27 өвөлжөө, 40 хаваржаа, 7500 орчим бод, бог мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртсөн байна.

Холбоотой мэдээ