ДУНДГОВЬ: Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.2 дахин нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны гуравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Цагдаагийн газрын мэдээлснээр энэ оны эхний хоёр сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад нэмэгдсэн байна.
Тодруулбал, Цагдаагийн газар иргэн, хуулийн этгээдээс ирсэн гэмт хэрэг,
зөрчлийн шинжтэй 180 гомдол, мэдээллийг шалгаж, гэмт хэргийн шинжтэй 75 хэргийг
бүртгэжээ. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад ирсэн гомдол, мэдээллийн тоо 74.7
хувь, бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 2.2 дахин өсжээ.
Тухайлбал, хулгайн гэмт хэрэг, малын хулгай, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн
хэрэгслийн ашиглалтын журам зөрчсөн хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй
байдлын эсрэг гэмт хэрэг, залилах гэмт хэрэг өссөн бол хүчиндэх, дээрэмдэх гэмт
хэрэг буурсан байна. Хүнийг санаатай алах гэмт хэрэг, хүрээлэн байгаа орчны
эсрэг гэмт хэрэг, хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх хэрэг гараагүй.
Гэмт хэргийн улмаас 63 хүн хохирч, 30 хүн гэмтэж, 1 хүн нас баржээ. Өмнөх
оны мөн үетэй харьцуулбал гэмт хэргийн улмаас хохирсон хүний тоо 2 дахин, гэмтсэн
хүний тоо 66.6 хувиар өссөн ба өнгөрсөн оны 2 сарын байдлаар гэмт хэргийн
улмаас хүн нас барсан тохиолдол гараагүй байна.
Гэмт хэрэгт 41 хүн холбогдон шалгагдсан ба нийт гэмт хэргийн 41.4 хувийг согтуугаар
болон гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлджээ. Харин 2.7 хувийг бүлэглэн
гүйцэтгэсэн, 5.3 хувийг эмэгтэй хүн оролцсон хэрэг эзэлж байна. Хүүхэд
оролцсон, цахим орчинд үйлдэгдсэн гэмт
хэрэг гараагүй байна.
Энэ хугацаанд 3373 зөрчил шалгаж, зөрчил
гаргасан 3275 иргэнийг 220.5 сая төгрөгөөр торгожээ. Тодруулбал, тээврийн
хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн 54 хүнийг
торгон, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасаж, 10 хүнд баривчлах, 8 хүнд
саатуулах шийтгэл ногдуулжээ.