ТӨВ: Электрон тамхины хор уршгийг таниулах нөлөөллийн ажил зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд вейп буюу электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн худалдан борлуулахгүй байх шийдвэр гарсан.
Тус шийдвэрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл солилцохоор Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургууль, IV, V сургууль, спортын төрөлжсөн сургуулийн удирдлагуудтай аймгийн Засаг дарга болон ажлын албаныхан уулзав.
Уулзалтын үеэр Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр хэлэхдээ, "Монгол Улсад худалдан борлуулах талаар хуулийн нарийвчилсан зохицуулалт байхгүйгээс өсвөр насны хүүхдүүдийн зүй зохисгүй хэрэглээ нэмэгдэж, эрүүл мэндэд сөрөг үр дагавар гарч, үе тэнгийн хүүхдүүдэд буруу үлгэр дуурайлал үзүүлж байна. Үүнтэй холбогдуулан электрон тамхи, утаат тамхины хор уршгийг сурталчлан таниулах, сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах хэрэгтэй. Хийж байгаа ажилдаа сэтгэлээсээ хандаж, багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх замаар сурагчдын сурлагын чанарыг дээшлүүлж, судлагдахуун бүрээр амжилтаа ахиулах шаардлагатай байна. Удахгүй аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхий боловсролын сургуулийн багш нартай нэгдсэн уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа" гэв.
Мөн энэ өдөр энэхүү шийдвэрийг эсэргүүцэж электрон тамхины худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагууд шүүхэд нэхэмжлэл гаргаад буй.Тухайн аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй уулзах байсан ч хүрэлцэн ирээгүй байна.
Судалгаагаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 31 сургуульд нийт 1120 орчим хүүхэд электрон тамхийг байнга хэрэглэдэг бөгөөд тэдний 20 нь уушгины өвчөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна.
Сургуулийн хүүхдүүдийн дунд санамсаргүй байдлаар хийсэн
хяналт шалгалтаар өдөрт 100 гаруй электрон тамхийг тогтмол хураан авдаг байжээ.