Тоон гарын үсгийн салангид олон программыг нэгтгэж, хэрэглэхэд хялбар болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Манай улсын насанд хүрсэн иргэдийн 58 хувь нь тоон гарын үсэгтэй ч тэдний 3.2 хувь нь тоон гарын үсгээ ашиглаж байна.
Тоон гарын үсэг нь
тухайн иргэнийг цахим орчинд таньж баталгаажуулах найдвартай, аюулгүй
арга хэрэгсэл юм. Гэвч иргэд тоон гарын үсгийг хаана, юунд, ямар зорилгоор ашиглах талаар ойлголтгүй, аж ахуйн нэгжүүд тендерт
оролцохдоо л ашиглахаас өөр
хэрэглээнд хэвшүүлээгүй байна. Учир
нь, тоон гарын үсэг олгож буй байгууллагууд тус, тусдаа программ хөгжүүлж,
төрийн цахим үйлчилгээг авах болсон
нь иргэд цахим үйлчилгээг авах бүрд тоон гарын үсгийг шинээр авах эмх замбараагүй олон систем бий
болгожээ. Мөн, хэт олон журамтай
зэргээс манай улсын тоон гарын үсгийг олон улс хүлээн зөвшөөрдөггүй аж.
Иймд Засгийн газраас тоон гарын үсгийн программыг нэгтгэж, сайжруулах чиглэл өгч, ЦХИХХЯ холбогдох хууль, журамд нэмэлт өөрчлөлт оруулах, үндэсний суурь гэрчилгээний системийг шинэчилж, цаг бүртгэлийн систем нэвтрүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, салангид олон программыг нэгтгэн сайжруулж, мобайл хувилбарыг хөгжүүлж эхэллээ. Ингэснээр төр, хувийн хэвшлийн байгууллагын зардлыг хэмнэх боломжтой. Тухайлбал, тоон гарын үсэг ашигласнаар цаас, хор, хэвлэгч, хэвлэлтийн зардлыг багасгаж, баримт бичгийг шуудан, илгээмжээр явуулахгүй учир шуудангийн төлбөрийг хэмнэнэ. Баримт бичиг хадгалах агуулах, тавиур гээд орон зай шаардлагагүй юм.
Тоон баримтыг клоуд эсвэл сервэрт хадгалахаас гадна баримт бичиг бэлтгэх, илгээх, буцааж авах, архивлах цагийг багасгах давуу талтайг ЦХИХХЯ мэдээлжээ.
Монголд шуудангийн цаас, хэвлэлт, ажилтны цагийн хөлсийг сард дунджаар 200 баримттай жижиг байгууллагын жишээн дээр тооцож үзэхэд уламжлалт аргаар 500 мянгаас 2 сая төгрөг зарцуулах бол тоон гарын үсэг ашигласнаар сард 50-150 мянган төгрөг төлж, жилд 4.2-23 сая хүртэл төгрөг хэмнэх боломжтой аж.