ӨВӨРХАНГАЙ: 2030 он гэхэд жилд 100 мянган жуулчин авах зорилттой ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-03-27 14:42:18

Арвайхээр, 2025 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын салбарын нэгдсэн зөвлөгөөн болж байна. Тус аймаг нь байршил болоод түүх, өв соёл, байгалийн үзэсгэлэнт газар зэргээрээ аялал жуулчлалыг бүрэн хөгжүүлэх боломжтой, төв халхын голомт нутаг юм.


Гэвч энэ салбараас олж буй үр ашиг төдийлөн хангалттай бус байгаа учраас эдийн засгийн тэргүүлэх эгнээнд оруулахын тулд юу хийх шаардлагатай байгааг энэ удаагийн зөвлөгөөнөөр онцоллоо.



2024 оны жилийн эцсээр аймгийн ДНБ 975 тэрбумд хүрсний 49.7 хувийг хөдөө аж ахуй, 34.6 хувийг худалдаа, үйлчилгээний салбар эзэлж байгаа бол аялал жуулчлалын салбар маш бага хувийг эзэлж байна.


Аймгийн хэмжээнд хоногт 6500-7000 хүн хүлээн авах хүчин чадалтай 39 бааз, амралтын газар байгаа боловч ихэнх нь Өвөрхангай аймагт харьяалагддаггүй, татвараа нийслэлд төвлөрүүлдэг. Нэгэнт Өвөрхангай аймгийн газар нутгаас ашиг орлого олж байгаагийн хувьд аймагтаа харьяалагдаад орон нутгийн төсөвт татвар төвлөрүүлбэл эргээд аялал жуулчлалын салбарт зарцуулж, хөрөнгө оруулалтыг нэмэх боломжтой гэдгийг аймгийн Засаг дарга хэллээ.



2024 онд дотоод, гадаадын 64000 жуулчин аймагт ирсэн гэх тоо байгаа ч зөвхөн Эрдэнэзуу хийдийн тасалбараар тооцсон учраас зөрүүтэй мэдээлэл хэмээн үзэж байгаа юм. “Өвөрхангай, Хархорины замын хяналтын цэгээр нэвтэрсэн нийт зорчигчид зөвхөн 6-9 дүгээр сар буюу гурван сарын хугацаанд 580000 байсан” хэмээн Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр хэллээ.


“Жуулчдыг дагаад бизнес хөгжих ёстой ч үр дүн харагддаггүй. Үр өгөөжөө өгөхгүй байгаа шалтгаан нь төлөвлөлт, зохицуулалт байхгүйгээс шалтгаалдаг. Бааз, амралтын газрууд ихэнхдээ хуучны орос маягийн казарм шиг байдаг нь гадаадын жуулчдад таалагддаггүй. Тогтвортой, ончтой бодлогоор бүрэн шинэчлэл хийх шаардлагатай байна” хэмээн тэрбээр хэлсэн юм. 


Өвөрхангай аймаг 2025 онд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах чиглэлээр 8.1217 га газрыг төлөвлөжээ. 2030 он гэхэд жилд 100 мянган жуулчин авах зорилттой ажиллаж байна.



 

Холбоотой мэдээ