Агаарын геофизик,гидрогеологийн хайгуулын судалгааг эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-03-27 15:59:34

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Геологи, хайгуулын салбарт  энэ онд 20 тэрбум төгрөг төсөвлөснөөс 9.1 тэрбумийг  геологийн зураглал хийхэд зарцуулна. 


Ингэхдээ агаарын геофизик, гидрогеологи зэрэг төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.


Үндэсний геологийн албаны Эрдэс баялгийн судалгаа, төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Н.Мөнхбилэг, "Энэ онд хилийн болон гидрогеологийн хэд хэдэн судалгааг шинээр эхлүүлнэ. Хил дархан, бүтэн байхыг байнга ярьдаг ч судалгаа хангалтгүй. Алсын хараа- 2050, Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулан хилийн бүсийн судалгаагаа эрчимжүүлнэ. Говь-Алтай, Завхан, Ховд зэрэг баруун бүс нутаг тээвэр ложистик, хайгуул судалгаанд хамрагдсан байдлаараа ерөнхийдөө сийрэг. Бүсчилсэн хөгжлийн талаар ярьж буй энэ үетэй нийцүүлэн судлахыг зорьж байна. Бидний ундаалдаг, крантнаас гарч буй ус нэг л өдөр гоожихоо больчихлоо гэж бодоход усны нөөц яав гэх асуулт гарч ирнэ. Үүнд геологийн судалгаа хариулах юм. Иймээс энэ жил гидрогеологийн судалгааг эхлүүлнэ. Манай улсад 1970-аад оноос зам тээвэр, цахилгаан, эрчим хүчтэй холбоотой бүтцийг судалдаг инженер геологийн судалгаа хийгээгүй. Бид нэгэнт төлөвлөлтөд орсон Хархорум хот орчимд энэ судалгааг эхлүүлэхээр төлөвлөж байна хэмээн "Монголын Геологи, хайгуул 2025" XVI  дахь удаагийн чуулга уулзалтын үеэр онцолсон юм. 


Харин Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан ярихдаа, “Геологи хайгуул нь газрын хөрсөн дээр ямар баялаг, хаана, хэдий хэмжээтэй байгааг судалдаг чухал салбар. Уул уурхайн салбарын суурь гэж болох юм. Төсвийн болон гадны хөрөнгө оруулалт, донор байгууллагаас санхүүжилт босгож, салбараа хөгжүүлэхэд анхаарч байна. Монгол Улсын газар нутгийн 3.2 хувь  нь хайгуулын 900 гаруй лицензтэй. Энэ нь ашиглалтынхаа лиценцээс хоёр дахин цөөн үзүүлэлт. Салбарыг улс төржүүлж, маш олон лиценз олгохыг хаасан нь сөргөөр нөлөөлж байна.  Геологийн салбар, тэр дундаа хайгуулын лиценз олголтыг нэмэх нь эдийн засгийн ач холбогдолтой. Тухайлбал, алтны ордыг өмнө нь судалсан ч бага агуулгатай ашиггүй байсан. Харин одоо алтны үнэ түүхэн дээд хэмжээнд, нэг унц нь 3000 ам.долларт хүрээд байна. Мөн нэг талын түүхий эдийн үнэ унаж байхад өөр нэг нь өсдөг. Үүнийг тэнцвэржүүлэхэд геологийн салбарын оролцоо маш чухал” гэв.


Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооноос 2009 оноос хойш тогтмол зохион байгуулж буй, хоёр өдөр үргэлжлэх тус хуралд дотоод, гадаадын салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэнүүд “Бодлого, хамтын ажиллагаа”, “Инновац технологи”, “Критикал минерал”, “Ашигт малтмал” гэсэн дөрвөн хэсэгт илтгэл хэлэлцүүлж байна. Тухайлбал, Канадын мэргэжилтэн Майкл Доуггет зэсийн олборлолт, эдийн засаг, трендтэй холбоотой илтгэлийг “Критикал минерал” хэсэгт, Стэндфордын их сургуулийн Минерал Х судалгааны багийн захирал Жеф Каэрс “Инновац технологи” хэсэгт илтгэлээ хэлэлцүүлэв. Мөн Геологийн шинжлэх ухааны доктор Г.Жамсрандорж Монголын ураны талаарх илтгэлээ танилцуулна.









Холбоотой мэдээ