Цахим гадуурхал амиа хорлоход нөлөөлдгийг судалгаа харуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-10-28 13:42:24

БСШУСЯ-наас санаачлан анх удаа гадуурхлын эсрэг үндэсний аяныг "Цахим гадуурхал цаашаа" уриан дор эхлүүлж буйгаа өнөөдөр зарлав.

Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэн /НЭМХ/-гээс 2010, 2013 онд хийсэн “ЕБС-ийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийн судалгаа”-наас үзэхэд дөрвөн сурагчийн нэг нь амиа хорлохоор төлөвлөж, 10 сурагчийн нэг нь нэгээс олон удаа амиа хорлох оролдлого хийсэн гэж хариулжээ.

ЦЕГ-ын мэдээллээр сургууль, гэр бүлийн орчин дахь гадуурхал, сэтгэл гутрал, хүчирхийлэл, дарамт шахалтаас үүдэж  өнгөрсөн 4 жилийн хугацаанд улсын хэмжээнд 92 хүүхэд амиа хорлосон тоо баримт бүртгэгдсэн байна.

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хэлэхдээ, "Хүүхэд гадуурхагдаж байгаагаа аав ээж, багшдаа хэлдэггүй, өөрт нь тулгарч буй бэрхшээлээ зөвөөр даван туулах мэдлэг байхгүй учраас амь нас, эрүүл мэндээ хохирооход хүрч байна.  Гадуурхлын олон хэлбэр байдаг ч олон нийтэд хурдан хүрдэг, хүссэн үедээ үйлдэж болдог, өргөн цар хүрээг хамардаг зэргээрээ цахим гадуурхал нь илүү хор хөнөөлтэй. Цахим орчин дахь гадуурхал нь тухайн хүүхдийг өөртөө итгэлгүй, хичээлдээ явах дургүй болох, цаашлаад амиа хорлоход хүргэж байна. Тиймээс гадуурхлын эсрэг дорвитой арга хэмжээ авч дуугарах цаг болсон. Энэ хөтөлбөр нь сошиал медиа орчинд өрнөж буй цахим амьдрал, интернетийн зөв хэрэглээнд чиглэнэ" гэв.

Өнгөрсөн жилүүдэд хүүхдийн тусламжийн утас 108 дугаарт ирсэн нийт дуудлагын 70 орчим хувь нь тусламж хүссэн агуулгатай, тэдний 40 гаруй хувь нь цахим орчинд гадуурхагдаж байгаагаа илэрхийлсэн байв. 

Тус хөтөлбөрийн нээлтээр улсын хэмжээний бүх ЕБС-иудад “Цахим гадуурхал цаашаа” сэдэвт хичээл орж, сурагчдыг бие биендээ хүндэтгэлтэй хандахыг уриалах юм. Сургуулийн орчин дахь болон цахим гадуурхлыг зогсоох зорилготой уг хөтөлбөрийг ЭМЯ, НЭМХ, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Биеийн тамир спорт хөгжлийн газар, ЮНИСЕФ, “Дэлхийн Зөн” ОУБ, Хүүхдийг Ивээх Сан, “Үндэсний Өгөх Өдөр Хөдөлгөөн”, “Оюунлаг Монгол Хүн” ТББ зэрэг байгууллага дэмжин ажиллах аж.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ