Чиг үүрэг нь давхацсан хоёр агентлагийг татан буулгана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдэгдлээ.
Нийслэлийн Улсын бүртгэлийн газар нь улсын бүртгэлийг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулж, хэрэгжүүлэх чиг
үүрэгтэй. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар нь
Засгийн газар, нийслэлийн
Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх, төрөөс гэр бүл,
хүүхэд, залуусын хөгжил,
хамгааллын талаар баримталж буй
бодлого, стратеги, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, уялдуулан зохицуулах чиг
үүрэгтэй агентлаг юм.
Дүүргүүдэд ч эдгээр чиг үүргийг хэрэгжүүлдэг газар, хэлтэс бий. Чиг үүргийн давхцал улс, дүүрэгт байгаа учир дээрх хоёр байгууллагыг нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагаар ажиллуулах шаардлагагүй гэж үзжээ. Хотын дарга Х.Нямбаатар “Төрийн хэмнэлт гэж ярьчихаад чиг үүргийн давхцалтай бүтэц байлгаж таарахгүй. Төрийн алба цомхон, чадварлаг байх ёстой. Зарим төслийн нэгжийг татан буулгах ажил эхлүүлнэ” гэв.
Хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль тогтоомжоор нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг тухайн хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буулгах үйл ажиллагаа эрх бүхий байгууллагын шийдвэр, журмын дагуу болно. Тодруулбал, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу дараах дарааллаар татан буулгах үйл ажиллагааг зохион байгуулдаг.
Үүнд,
23 дугаар зүйл. Хуулийн этгээдийг татан буулгасан тухай
улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэнэ.
24 дүгээр зүйл. Хуулийн этгээдийг татан буулгасныг улсын
бүртгэлд бүртгүүлэхэд шаардах баримт бичгийг бүрдүүлнэ.
25 дугаар зүйл. Хуулийн этгээдийг татан буулгасныг бүртгэнэ.
26 дугаар зүйл. Хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасна хэмээснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.