Ирэх онд 32 сургуулийн барилгыг концессоор барьж гурван ээлжийг хална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-10-28 16:01:15

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан эхэллээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс улсын хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын хүртээмж, сургууль, цэцэрлэгт хамрагдалтын байдал, сургалтын болон сургуулийн дотуур байрны орчин нөхцөл, цэцэрлэг, сургуулийн барилга байгууламжийн хүрэлцээ ямар нөхцөл байдалд байгаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Ерөнхий сайдад асуулга тавьсан. Энэхүү асуулгын хариуг Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ж.Батсуурь танилцуулж байна.

Энэ хичээлийн жилд төрийн өмчийн 865, хувийн өмчийн 506, нийт 1371 цэцэрлэгт 242 мянган хүүхдийг хамруулж байна. 2016-2017 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд шинээр 62 мянган хүүхдийг хамруулжээ. Өнөөгийн байдлаар цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд цэцэрлэгийн барилгын ажил ихээхэн нөлөө үзүүлж байгаа аж. Одоогийн байдлаар улсын төсвөөр 6, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2 цэцэрлэг шинээр ашиглалтад оржээ. Гэсэн ч нийслэлд цэцэрлэггүй 27 хороо байна.

Цэцэрлэгийн хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд албан байгууллагууд дэргэдээ цэцэрлэгтэй болсон. Тухайлбал, ГХЯ, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон МУБИС дэргэдээ цэцэрлэг нээсэн байна. 

ЕБС-ийн хувьд энэ хичээлийн жилд 798 сургуульд 560 гаруй мянган хүүхэд суралцаж байна. Үүнээс хөдөөд 563 сургуульд 329 мянган сурагч, нийслэлд 235 сургуульд 232 мянган сурагч суралцдаг. Улаанбаатар хотод 69 мянган хүүхэд шинээр сургуульд элссэн. Анги дүүргэлт хэвийн хэмжээнээс дээгүүр сургууль 25 байгаа юм. Нийслэлийн хүн амын өсөлт нэмэгдэхийн зэрэгцээ сургуулийн барилгын насжилт өндөр болж байгаа нь барилга тал дээр асуудал үүсгэх болсон байна.

Энэ онд улсын төсвийн хөрөнгөөр 5 сургууль ашиглалтад ороод буй. Гэхдээ ондоо багтаж 16 сургууль ашиглалтад орно. Ирэх онд 22 сургууль улсын хэмжээнд ашиглалтад орно.

Түүнчлэн гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг хоёр ээлж болгох зорилгоор 32 сургуулийн барилгыг концессоор бариулахаар болж байна. Үүний 29 барилга нь Улаанбаатарт байх юм. Үүний зэрэгцээ 457 дотуур байрны 321 нь стандартын, 136 нь стандартын бус байна. Дотуур байранд ихэнхдээ малчдын хүүхдүүд сууж байгаа ба энэ онд нэг дотуур байр ашиглалтад орсон. Ондоо багтаж 6, мөн ирэх онд 6 дотуур байранд ашиглалтад орно гэж БСШУС-ны сайд Ж.Батсуурь танилцууллаа.

 

Б.Туул

 

Холбоотой мэдээ