ЗАВХАН: Театрын урлагаар дамжуулан шүдний эрүүл ахуйн мэдлэгийг хүүхдүүдэд өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-04-03 15:06:44

Улиастай, 2025 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр энэ сарын тоглолтуудынхаа хуваарийг танилцуулжээ.


Энэ сард таван том тоглолт, нэг жүжгийг үзэгчдэд толилуулах юм.


Тухайлбал хөгжимт жүжгийн театрын гоцлол хөгжимчин, морин хуурч, хөөмийч Мнгол Улсын соёлын тэргүүний ажилтан М.Санжаажавын “Хөг тэгш” тоглолтыг үзүүлэх юм. Энэ тоглолт нь монгол ардын хөгжмийн өгүүлэхүйн эрхтний урлаг болсон хөөмий, морин хуур хөгжимд зориулсан томоохон бүтээлүүдийг нэгтгэсэн сонирхолтой тоглолт юм.


Түүнчлэн 4-р сарын 11-ний өдөр Завхан аймгийн театраас ажлын, уран бүтээлийн гараагаа эхэлсэн ахмад уран бүтээлчид болох Монгол Улсын ардын жүжигчин С.Батсүх, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Д.Нямсүрэн нарын хамтарсан тоглолт болох юм.


Мөн театрын урлагаар дамжуулан хүүхэд багачуудын амны хөндийн эрүүл мэндийн мэдлэг боловсролыг олгох зорилгоор “Миний бяцхан шүдний аялал” нэртэй хүүхэлдэйн жүжгийг хүүхэд багачуудад зориулан гурав, дөрөвдүгээр сарыг дуустал тайзнаа тавьж байна.


Театрын урлагаар дамжуулан мэдлэг ойлголт өгч буй тус жүжгийг тоглосноор хүүхдүүдийн дунд шүдний болон амны хөндийн өвчлөл буурах. Бага насны хүүхдүүд шүдээ угаах дуртай болох. Шүд амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг боловсрол нь дээшилж, эрүүл монгол иргэн торнихын үндэс суурь нь болж чадах юм.


Миний бяцхан шүдний аялал жүжиг нь гурваас дээш насны хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан туурвисан уран бүтээл юм гэж Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театраас мэдээлэв. 


Хүүхдүүд жүжигчидтэй уулзаж дурсгалын зураг татуулжээ


Холбоотой мэдээ