Хүүхдийн зуслангийн хөгжлийн бодлогыг шинэчлэхийг зорьж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. ГБХНХЯ, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын үндэсний зуслангуудын холбоо хамтран хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа ямар нөхцөлд байгааг хэлэлцэн, зуслангуудын хөгжлийн бодлого, үндэсний тогтолцоог шинэ шатанд гаргаж шинэчлэхийг зорьж байна.
Төрийн болон ТББ-ын төлөөлөл, өмчийн олон хэлбэрт хүүхдийн зуслангийн ажилтнууд "Хүүхдийн зуслангийн Хүүхдийн зуслангийн хөгжлийн бодлого, тогтолцооны шинэчлэл" хэлэлцүүлгийн үеэр зуслангийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг шийдэх арга зам, хүүхдийн амрах, хөгжих орчныг сайжруулах, зусланд хамрагдах хүүхдийн тоог нэмэхэд салбар дундын оролцоог эрчимжүүлэх тухай санал бодлоо солилцсон юм. Хүүхдийн зуслангуудын барилга хуучирч муудсан, модон хийцтэйнх нь ашиглалтын хугацаа дууссан, хүний нөөц дутагдалтай, эцэг эхийн төлбөрийн чадвар муудснаас амрах хүүхдийн тоо цөөрч, зуслан бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа. Мөн, газрын татвар их байгаа нь зарим зусланг хаахад хүргэх эрсдэл үүссэн зэргийг хөндөж байв.
Манай улсад анхны
гэр зусланг 1926 онд ажиллуулан хүүхэд хамруулж байсан баримт бий.
Үүний дараа нийслэл, аймаг, орон нутаг төдийгүй нэгдэл, сангийн аж ахуй,
үйлдвэр, албан байгууллагууд 1960-1989 онд хүүхдийн зуслан олноор байгуулснаар
МҮЭ, үйлдвэр, албан
байгууллага, орон нутгийн дэмжлэгээр зуны, сувиллын, сургууль түшиглэсэн хөдөлмөр амралтын, өдрийн
зусланг ажиллуулж, хүүхдүүдийг хөнгөлттэй үнээр амрааж байлаа. Энэ үед сургуулийн сурагчдын 70 гаруй хувь нь зусланд хамрагддаг
байв. Харамсалтай нь 1990
оноос өрнөсөн өмч хувьчлалд хүүхдийн зуслан жагсаалтын эхэнд өртөж хувьчлагдсанаар төрөөс хэрэгжүүлэх бодлого
орхигдож, тогтолцоо нь алдагджээ.
Одоогоор улсын хэмжээнд бүртгэлтэй 55 зуслан /2022 оны байдлаар/
байгаагаас 2024 оны байдлаар
48 зуслан тогтмол үйл ажиллагаа явуулж, 61 мянган
хүүхэд хамруулжээ.
ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан ярихдаа, “Хүүхдүүд анги танхимаас олж авсан мэдлэгээ зуслангаар дамжуулан ур чадвар, төлөвшил болгодог. Хүүхдийг өвөл, зуны амралтаар нь зусланд хамруулах бодлого байх
ёстой. Өмнөх туршлагаа түшиглээд сургууль, сум, аймаг
дундын гэхчлэн улсынхаа зургаан том
бүсэд орчин үеийн стандартад нийцсэн зуслан байгуулах хөрөнгө оруулалтыг
шийдэх ёстой. Багш нарыг
зусланд ажиллуулах, багш мэргэжлээр сурч буй оюутнуудыг дадлага хийлгэх боломжоор хангаж болно. Хүүхэд хамгаалал, хөгжлийн мөнгийг
салбар дундын зохицуулалтаар зөв
ашиглавал зуслангийн хүртээмжийг нэмэх боломжтой. Манай яаманд гэхэд 130 тэрбум төгрөгийн
санхүүжилттэй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан байдаг. Сангуудын санхүүжилтийг аж ахуйн нэгж, магадгүй хөгжлийн
бэрхшээлтэй хүүхэдтэй аав ээжид төрөлжсөн зуслан, дэмжих төвүүдийг ажиллуулахад зориулж шийдэх
гарц ч бий. Одоогоор хүүхдийн зуслангийн газрыг тоолж байна. Улсын хэмжээнд 60 гаруй
зуслан, 100 гаруй
хөдөлмөр зуслан байгаа. Зуслан
ажиллуулахаар төртэй гэрээ хийсэн атлаа 24 нь үйл ажиллагаагаа өөрчлөн, аялал жуулчлалын бааз байгуулжээ. Энэ хэлэлцүүлгээс гарсан үр
дүнг нэгтгэн, үйл ажиллагааны чиглэлээ өөрчилснийг нь Засгийн газраар шийдүүлнэ" гэлээ.
Хэлэлцүүлэгт ГБХНХЯ, ХГБХХЕГ, ЭМЯ, ССАЖЗЯ, Боловсролын
ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
илтгэл хэлэлцүүлж, бүх
аймгийн Засаг дарга, холбогдох салбарын, зуслангийн удирдах ажилтнууд цахимаар
оролцов.