Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон замыг баасан гаргаас түр хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-04-09 12:21:23

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй “Хаягдал ус дахин боловсруулах төсөл”-ийн хүрээнд “ДЦС-3”, “ДЦС-4” компани руу ус дамжуулах шугам хоолой угсрахаар болжээ.


Үүнтэй холбогдуулан “ДЦС-3” компаниас баруун тийш Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон авто замыг энэ сарын 11-ний баасан гаргийн өглөөний 06:00 цагаас эхлэн гурав хоногийн хугацаанд түр хаана. Энэ хугацаанд Яармагийн гүүрээс Ажилчдын гудамжийн баруун хойд талын буцаж эргэдэг тойрог хүртэл урдаас хойшоо зөвхөн нэг чиглэлд зорчих аж. Харин хойноос урагш чиглэлийг “ДЦС-3” компанийн баруун хойд талын буцах уулзвараар эргүүлж, хойд болон зүүн талын замаар үндсэн хөдөлгөөнд оролцох боломжтойгоор хөдөлгөөнийг түр зохицуулах юм байна.


Хаягдал ус дахин боловсруулах төслийн талаар “Бат Мөнх Сүлд” компанийн захирал Б.Батмөнх, Шинэ Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр байгуулна. Төсөл хэрэгжсэнээр дулааны цахилгаан станцууд уг цэвэрлэсэн усыг техникийн хэрэглээндээ ашиглаж, гүний цэвэр усны хэрэглээг жилд 18 сая хүртэл шоо метрээр бууруулах юм. Өөрөөр хэлбэл “ДЦС-3”, “ДЦС-4” компани нь жилд Дөргөн нуурын устай дүйцэхүйц хэмжээний усыг хэрэглээд хаядаг гэсэн тооцоо судалгаа бий. Харин ус дамжуулах шугам хоолой татсанаар энэ хэмжээний усыг Улаанбаатар хотод аварч үлдэх боломжтой болж буй. Ингэснээр хойч үедээ үлдээх усны нөөцөө нэмэгдүүлнэ” гэж онцоллоо.

Холбоотой мэдээ