ХӨВСГӨЛ: Арын хүрээнд 500 лам ном хурдаг байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Жаргалант суманд Арын хүрээ буюу Жүндүйдаржаалин хийд сумын төвөөс урагш 25 километр нэгдүгээр багийн нутаг Эрдэнэтээл хэмээх газар байдаг.
Далай чойнхор вангийн хошууны шашин номын энэхүү төвийг Тариатын хүрээнээс хойш Тарвагатайн нурууны ар бэлд байгуулснаар Арын хүрээ гэж нэрлэх болсон байна.
Тус хүрээг Тариатын хүрээний хамба Цэрэндорж Хятадын буддын шашны дөрвөн ариун уулын нэг Утай ууланд байдаг хийдийн загвараар Арын Утай болгох зорилгоор барьж хятад урчуудаар боржин чулуу бүхий 108 шатыг хийлгэж байсан түүхтэй юм.
Хэлмэгдүүлэлтийн үед дуган бүрэн устаж боржин чулуун 108 шат хэвээр үлдсэн байна.
Цогчин дуганы туурин дээр нутгийн иргэд шинээр модон дуган барьж Оройн сүм гэж нэрлэдэг болжээ.
Арын хүрээний цам, майдар нэлээд гоёмсог сүрлэг баг өмсгөлтэй байсан бөгөөд хүрээнд таван зуугаад лам сууж ном хурдаг том хүрээ байжээ.
Тус хүрээнд 2 метр урт алтаар бүрж урласан гоёмсог хийцтэй 2 их бүрээ
байсан нь одоо Жаргалант сумын музейд хадгалагдаж байдаг юм.