Монголын бүжгэн жүжигчдийг Кубад тоглуулах асуудлаар санал солилцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргал тус улсын алдарт балетчин Алисиа Алонзогийн нэрэмжит Хаванагийн их театрын Ерөнхий захирал Леонардо Тур Брочетэй уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар энэ сарын 14-нд санал солилцов.
Элчин сайд С.Золжаргал хоёр улсын соёл урлагийн салбарын
хамтын ажиллагааны хүрээнд дэлхийд алдартай уг театрт Монголын уран
бүтээлчдийн тоглолтыг толилуулах, энэ онд тохиож буй хоёр орны хооронд дипломат
харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан хамтран зохион
байгуулах ажлын талаар ярилцлаа.
Ерөнхий захирал Леонардо Элчин сайдын саналыг талархан
хүлээн авч байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын гавьяат жүжигчин, алдарт балетчин
Д.Алтанхуяг 2018 онд тус театрын тайзнаа уран бүтээлээ толилуулж байсныг
дурдаад, цаашид хамтарсан уран бүтээл хийх, харилцан туршлага судлах зэргээр
хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Хаванагийн их театрыг 2015 онд Кубын алдарт балетчин Алисиа
Алонзогийн нэрэмжит болгосон бөгөөд театрын барилгын загварыг Белгийн
архитектор гаргаж, Нью-Йоркийн инженерийн компани 1914 онд барьсныг Монгол Улсаас Куба Улсад суугаа ЭСЯ мэдээллээ.