“Хэрлэн экспо-2016” үзэсгэлэн худалдаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-10-31 22:35:51

Дорнод аймгийн ЗДТГ, Дорнод Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг хөрш зэргэлдээ гурван улсын аялал жуулчлалын өдрүүд болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээний хүрээнд “Хэрлэн экспо-2016” үзэсгэлэн худалдааг Чойбалсан хотноо зохион байгуулжээ.

“Хэрлэн экспо-2016”-д ОХУ-ын Чита хот, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот, Хянган аймаг, Шилийн гол аймгийн худалдааг дэмжих хороо, боомтын газрын төлөөлөгчид, бизнес эрхлэгчид, Улаанбаатар хот, Дорнод, Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Завхан, Хэнтий, Сүхбаатар аймгийн үйлдвэрлэл эрхлэгчид нийт 60 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ танилцуулан борлуулж байна. Үзэсгэлэн худалдааны үеэр “Шилдэг брэнд бүтээгдэхүүн”, Шилдэг маркетингтай байгууллага”, “Олны таашаалд нийцсэн бүтээгдэхүүн”, “Шилдэг санаа, шинэ өнгө төрхтэй бүтээгдэхүүн”, “Шинэ шийдэлт бүтээгдэхүүн”, “Шилдэг борлуулалттай бүтээгдэхүүн” гэсэн зургаан номинацаар шилдгүүдээ тодруулах юм байна. Энэ арга хэмжээнд зориулж өмнөх жилүүдэд аймгийн төсвөөс чамгүй хөрөнгө мөнгө зардаг байсан бол эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор энэ удаад таван сая төгрөг төсөвлөсөн учир олон үйл ажиллагааг хийх боломж хомс байгаа талаар зохион байгуулагчид нь ярьж байлаа.

 Үзэсгэлэн худалдаа энэ сарын 28-30-ны өдрүүдэд үргэлжилсэн юм.

Б.Туяа

Холбоотой мэдээ