ДАРХАН-УУЛ: Төвийн бүсийн төрийн албан хаагчдын 76.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. "Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал" сэдэвт зөвлөгөөн салбар хэлэлцүүлгээр үргэлжилж байна. Монгол Улсын төрийн албаны зөвлөлөөс улсын хэмжээнд долоон бүсэд зохион байгуулах тус зөвлөгөөний төвийн бүсийн сургалт Дархан хотод таван байршилд болж байна.
“Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн карьер хөгжлийг дэмжих, төрийн албан дахь удирдах түвшний жендэр” сэдэвт төрийн эмэгтэй албан хаагчдын дунд зохион байгуулж буй сургалтад төвийн бүсийн 80 гаруй эмэгтэй албан хаагч хамрагдаж байна.
Чиглүүлэгчээр Захиргаа, удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Гантулга, илтгэгчээр Эмэгтэйчүүд, залуучуудын оюуны сан үндэсний сүлжээ ТББ-ын тэргүүн Ц.Бүжидмаа нар ажиллаж байна.
Судалгаагаар Монгол Улсын хэмжээнд төрийн албан хаагчдын 64.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Харин төвийн бүсийн төрийн албан хаагчдын 76.6 хувь нь эмэгтэй бөгөөд тэдний 80 гаруй хувь нь гүйцэтгэх албан тушаал хашиж байна.
Эмэгтэй төрийн албан хаагчдын урам, зоригийг нэмэгдүүлж шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх, албан тушаалын карьерыг ахиулахад эерэг нөлөөлөл үзүүлэх зорилгоор сургалт зохион байгуулж байна.
Түүнчлэн төрийн албанд хамгийн өндөр ёс суртахуунтай, мэдлэг чадвартай хүмүүс ажиллах ёстой. Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хуулийг чанд сахин хэрэгжүүлэхэд төрийн бүх шатны албан хаагчдын манлайлал чухал. Төрийн албаны чадавхыг бэхжүүлэх, төрийн албан хаагчдынхаа хууль ёсны эрхийг хангах чиглэлд төр засаг, төрийн албаны зөвлөл анхаарч ажиллаж байгааг ТАЗ-ийн дарга Л.Цэдэвсүрэн онцолж байлаа.