Орон нутгийн хөгжлийн сангийн 2023 оны гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Төрийн аудитын байгууллагаас “Орон нутгийн хөгжлийн сангийн 2023 оны бүрдүүлэлт, зарцуулалт, үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг УИХ-ын Төсвийн байнгын хороонд танилцууллаа.
Орон нутгийн хөгжлийг дэмжих, орон нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэдийн тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд зөвхөн иргэдийн санал дээр үндэслэн төлөвлөдөг төсвүүдийн нэг нь “Орон нутгийн хөгжлийн сан” юм. Тус сангийн эх үүсвэр нь дотоодын НӨАТ, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлого, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн орлогын тодорхой хувиар тооцож бүрдүүлдэг. Аудитыг орон нутгийн хөгжлийн нэгдсан сан, 21 аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн 2023 оны үйл ажиллагааг хамруулж хийжээ.
Улсын төсөвт 2023 онд орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс аймаг, нийслэлийн ОНХС-д олгох орлогын шилжүүлгийн хэмжээг 298.4 тэрбум төгрөгөөр баталсан байна. Улмаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого өссөнтэй уялдуулан 2023 оны зургаадугаар сард сангийн хөрөнгийг 71.4 тэрбум төгрөгөөр нэмж тодотгосон аж. Түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-аас 174.4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг баталсан байна. Энэ нь тухайн онд нийт 544.3 тэрбум төгрөгийг тус санд төсөвлөсөн гэсэн үг. Харин үүний 94.3 хувь нь бүрдсэн байна. Тайлант хугацаанд нийт 8672 төслийг 521.8 тэрбумаар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулснаас 408.5 тэрбум төгрөгийг зарцуулж, жилийн эцэст 105.2 тэрбумын үлдэгдэлтэй гарчээ.
Харин аудитаар тус онд нийт 162.7 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. Үүнд аймаг, нийслэл дэх төрийн аудитын газраас 550.8 сая төгрөгийн 62 төлбөрийн акт тавьжээ. Мөн 76.2 тэрбум төгрөгт албан шаардлага, 85.9 тэрбум төгрөгийн зөрчилд зөвлөмж, 63.8 сая төгрөгийн зөрчлийг шалгуулахаар хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн байна. Аудитын дүгнэлтэд “Газрын тосны нөөц ашигласны төлбөр, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогыг 2023 онд бүрэн төвлөрүүлээгүй аж. Ингэснээр аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийг дутуу санхүүжүүлсэн” хэмээн тусгажээ. Мөн төсөл, үйл ажиллагааны төлөвлөлтөд иргэд олон нийтийн оролцоог бүрэн хангаагүй, төсөвт өртгийг хэт жижиглэснээр, тендер оролцогчгүй болох, ажил он дамжих, хугацаа алдах сөрөг нөлөө байсныг дурдсан байна. Түүнчлэн удирдлагын мэдээллийн системд төсөлд мэдээллийг дутуу болон огт оруулаагүй байхад сангаас санхүүжилт олгох зөрчил давтагдсаар байгаа аж.
Аудитын дүнд
үндэслэн холбогдох байгууллага, албан тушаалтанд зөвлөмж хүргүүллээ. Үүнд:
Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг бүсчлэн нэгдсэн байдлаар тогтоож
Төсвийн тухай хууль болон Малын тоо толгойн албан татварын тухай хуульд
өөрчлөлт оруулах асуудлыг авч хэлэлцэх талаар зөвлөмжийг Үндэсний аудитын
газраас УИХ-д өгч байна.
Мөн иргэдийн саналгүй, эсвэл өргөн мэдүүлсэн төслийг өөрчлөн баталсан иргэдийн хурлын байгууллагуудад хариуцлага тооцох, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн орлогоос ОНХС-д олгох шилжүүлэг тооцох аргачлалыг холбогдох хууль, тогтоолд нийцүүлэх, сангийн удирдлага мэдээллийн системд өгч буй иргэдийн саналыг ил тод бүртгэх, тус сангийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, зөрчлийг бүрэн арилгах хүртэл санхүүжилтийг олгохгүй байх зөвлөмжийг Засгийн газар болон Сангийн яам, бүх шатны ИТХ, Засаг даргад өгчээ.