ДАРХАН-УУЛ: Хамгийн олон хүүхэд хүлээн авсан шилдгээр “Зулзагын гол” зуслан шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-12-15 18:58:32

Дархан, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол улсад хүүхдийн зуслангийн салбар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтан Монголын Үндэсний зуслангуудын холбооноос шилдгүүдээ шалгаруулжээ. 2025 онд салбартаа манлайлан ажилласан сайн туршлага, зөв жишгийг түгээн дэлгэрүүлж хамгийн олон амрагч хүүхдийг хүлээн авсан шилдгээр Дархан-Уул аймгийн “Зулзагын гол” хүүхдийн зуслан шалгарчээ.


Дархан-Уул аймгийн ХГБХХГ-ын дэргэдэх “Зулзагын гол” хүүхдийн зуслан 2025 онд 3100 гаруй амрагч хүүхдийг хүлээн авчээ. Хүүхэд бүрд хүртээмжтэй, аюулгүй тав тухтай орчныг бүрдүүлэн, шинэлэг хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлжээ.




“Зулзагын гол” зусланд Дархан-Уул аймгийн төдийгүй эх орны өнцөг булан бүрээс хүүхдүүд зорин ирж амардаг эв нэгдэл, нөхөрлөлийн бэлгэдэл зуслан юм.


1974 онд ашиглалтад орсон зусланд жил бүр урсгал засвар хийж байсан бол 2021 онд нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг улс, орон нутгийн төсвөөр шийдвэрлэн иж бүрэн засвар хийж, өнгө төрхийг нь сайжруулж хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлсэн юм.



Энэ онд "Дархан-Ус суваг" ХК нийгмийн хариуцлагын хүрээнд нэг дор 24 хүүхэд орох боломжтой халуун усны байрыг бүрэн шинэчилж ашиглалтад хүлээлгэн өгсөн. Түүнчлэн орон нутгийн төсвөөр гал тогооны иж бүрэн хэрэглэл, дотоод орчныг сайжруулахад анхаарч ажиллаж байна.


Жил бүр долоон ээлжээр хүүхдүүдээ хүлээн авч, ээлж бүр шинэлэг, содон, хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон хөтөлбөрийг тухай бүр хэрэгжүүлэн ажилладаг байна.




Аймгийн засаг даргын шийдвэрээр өсвөрийн тамирчид, урлаг, спорт, сурлагад амжилт гаргасан хүүхдүүдийг зусланд амрах эрхийн бичгээр урамшуулж хүүхэд насны дурсамжийг үлдээж байна.



Холбоотой мэдээ