ДАШТ-д 64 баг оролцуулах саналыг КОНКАКАФ эсэргүүцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МАЙАМИ, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /AFP/. Хөл бөмбөгийн 2030 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ 64 баг оролцуулах тухай Өмнөд Америкийн саналыг КОНКАКАФ-ын ерөнхийлөгч Виктор Монтаглиани эсэргүүцжээ.
Хойд ба
Төв Америк, Карибын тэнгисийн улсуудын 41 гишүүн холбоодыг нэгтгэсэн конфедерацийг тэргүүлдэг тэрбээр дээрх мэдэгдлийг хийхээс өмнө Европын хөл
бөмбөгийн холбоо /УЕФА/
болон Азийн хөл бөмбөгийн холбооны /AFC/ зүгээс мөн төстэй байр суурийг илэрхийлсэн юм.
В.Монтаглиани
ESPN сувагт ярилцлага өгөхдөө, эрэгтэйчүүдийн ДАШТ-ийг 64 баг болгон өргөжүүлэх нь тус тэмцээний хувьд төдийгүй үндэсний шигшээ
багуудаас эхлээд клубийн тэмцээн, лигүүд, тоглогчид гээд хөл бөмбөгийн тогтолцооны хувьд зөв алхам болно гэж бодохгүй байна гэжээ.
2026 онд АНУ, Канад, Мексикт болох ДАШТ-д оролцох багуудын тоог одоогийн 32-оос 48 болгон өргөжүүлэх
боловч Өмнөд Америкийн хөл бөмбөгийн
холбооны /КОНМЕБОЛ/ ерөнхийлөгч Алехандро Домингес 2030 оны тэмцээнд 64 орныг оролцуулахыг
санал болгосон юм.
“Тэмцээний 100 жилийн ойг тохиолдуулан ийм шийдвэр гаргах нь онцгой үйл явдал болно” гэж А.Домингес хэлжээ. Уг тэмцээний тоглолтууд Испани, Португал, Марокко болон Өмнөд Америкийн гурван улсад болох юм.
Харин В.Монтаглиани
тэмцээнийг өргөжүүлэх
талаар ярихад хэтэрхий эрт байна гэж үзэжээ. “Бид 48 баг
өрсөлдөх шинэ ДАШТ-ийг
эхлүүлээгүй байна. Тиймээс 64 баг болгож өргөжүүлэх асуудал яригдах ёсгүй гэж
би хувьдаа бодож байна” хэмээн тэрбээр ярилаа.
Өнгөрсөн бямба гарагт Азийн хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Шейх Салман бин Ибрахим Аль Халифа мөн дээрх саналыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм. “Би хувьдаа санал нийлэхгүй байна” гэж тэрбээр Франс Пресс агентлагт хэлээд, 2030 оны тэмцээнд 48 баг оролцох тул асуудал шийдэгдсэн хэмээн үзэж байна гэв.
“Хэрэв энэ
шийдвэрийг нээлттэй хэвээр
байлгавал 64 баг болж өргөжөөд зогсохгүй, дараа нь хэн нэгэн энэ тоог 132 болгохыг
шаардаж магадгүй” гэж Шейх
Салман Куала-Лумпур хотноо болсон
AFC-гийн 35 дугаар их хурлын үеэр хэлжээ.
УЕФА-гийн ерөнхийлөгч Александр Чеферин мөн уг саналыг “тааруухан санаа” хэмээн тодорхойлсон байна. ФИФА-гийн
удирдлага энэхүү саналыг
хэрхэн хүлээж авах нь тодорхойгүй
байгаа боловч ерөнхий нарийн
бичгийн дарга Маттиас Графстром манай
байгууллага Өмнөд Америкийн саналыг “нарийвчлан авч хэлэлцэнэ” гэж хэлжээ.