Оросын газрын тосноос хараат бус болсноо Чех улс зарлав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ПРАГА, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /DW/. Чех улс Оросын газрын тосны нийлүүлэлтээс хараат бус болсноо албан ёсоор зарлажээ. “Манай улс түүхэндээ анх удаа Оросынхоос өөр эх үүсвэрээс газрын тосны хэрэгцээгээ бүрэн хангадаг боллоо” гэж Чехийн Ерөнхий сайд Петр Фиала пүрэв гарагт мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр, одоо түлш шатахууныг Каспийн тэнгисийн орчмын орнууд, Ойрх Дорнод, Хойд Африкаас нийлүүлж байна. Газрын тосыг Чех рүү Альпийн нурууг дамнасан хоолойгоор (TAL) болон түүний салаа IKL хоолойгоор нийлүүлж байгаа ажээ. Дэд бүтцийн өргөтгөлийг хийхэд 60 сая евро зарцуулсан байна.
TAL дамжуулах хоолой нь Италийн Триест боомтоос Германы өмнөд нутаг хүртэл үргэлжилдэг бөгөөд тэндээс салаалж Чехийн IKL хоолойтой холбогддог. Уг хоолойгоор жилд найман сая тонн хүртэл газрын тос нийлүүлэх боломжтой бөгөөд энэ нь Фиалагийн хэлснээр Чехийн хэрэгцээг "бүрэн баталгаатай" хангах юм. Чех улс мөн Оросын байгалийн хийг худалдан авахаа зогсоосон бөгөөд энэ оны эцэст багтаан хоёр атомын цахилгаан станцдаа Оросын ураныг ашиглахгүй хэмээн төлөвлөж байна.
Сүүлийн 60 жилийн турш Чех улс “Дружба” хоолойгоор дамжуулан Оросын газрын тосыг худалдан авсаар иржээ. Европын Холбоо Оросоос газрын тос импортлохыг хориглосон хэдий ч Чех улсад өөр сонголт байхгүй байсан тул “Дружба” хоолойг ашиглахаар зохицуулалт хийсэн байна. TAL хоолойн өргөтгөл дууссанаас хоёр сарын дараа буюу гуравдугаар сарын эхээр Чех улс 'Дружба' хоолойгоор газрын тос импортлохоо бүрэн зогсоожээ.