"Тэнгэрийн шившлэг"-ээс хүртэхүй...

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
batsaikhan@montsame.mn
2016-11-01 13:15:30

Монголын Үндэсний Төв номын санд залуу шүлэгч бүсгүй Жалмбуугийн Ганчимэг анхны номын баяраа "Хурим" мэт хийлээ. 

Тус номын сангийн захирал "Болор цом"-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо "Ажлаа аваад анхныхаа номын баярыг хийж буйдаа баяртай байна. Ж.Ганчимэг гэгч бүсгүй шүлэгчээр Монголын утга зохиол бүл нэмлээ" гэж номын цэнгүүнийг нээхдээ онцлон хэллээ.

Дээр бивээр зүгээр нэг "Хурим" гэж үгийг хавчуулсангүй ээ...МЗЭ-ийн шагналт яруу найрагч, "Өдрийн сонин"-ы сэтгүүлч Л.Батцэнгэл, анхны номоо өлгийдсөн залуу шүлэгч Ж.Ганчимэг нар сүүлийн үес зөвхөн шүлгээрээ сүжрээгүй зүрхээрээ сүлбэгдсэнийг манай яруу найрагчид анзаарах болсон билээ.
Яруу найрагчдын номын баярт үзэгдэх болсон бүсгүйг олон нийтийн нээлттэй сүлжээнээс ч бас олонтоо харах болсон юм...өглөө бүр, бараг өдөр бүхэн хөнгөхөн сэтгэлийн мөнгөн шүүдэр мэт богинохон мөртүүдээр мэндлэх нь нь онцгойдуу...

Тэрбээр бас зөгийн эмчилгээгээр олон түмнээ илааршуулж буйгаараа ч авхаалжит нэгэн...
Нэлээд хэдэн сарын өмнө яруу найрагч Ш.Урьханы уран бүтээлийн үдэшлэг дээр анх танилцахдаа шүлгийн номын санаагаа хөндөхөд нь дэмжсэн маань өнөөдөр биеллээ олж тэрбээр "Тэнгэрийн шившлэг" номоо хэвлүүлж ийнхүү номын хурим хийлээ.
Номын цэнгүүн нь хурим болсны учир нь яруу найрагч Л.Батцэнгэл энэ хоёр маань дэр нэгтгэснээ даруухнаар зарлах мэт болов.
Тиймээс номын хуримын зочин ч олон байлаа.
Яруу найрагч, зураач, орчуулагч, судлаач ч ирсэн байтал зөгийгөөр эмчлүүлэгчид, бүүр фэйсбүүкийн андууд нь ч ирцгээжээ!


Номондоо Дорноговийн Замын -Үүдийн Борхойн талд мэндэлсэн гэж бичсэн ч ээжийгээ үнэрлэн, үнсэн суухдаа Баянхонгорын Өлзийт сумынх гэдгээ тодруулж, зочдынх нь хүндэт ширээнд тухлагчдыг үзэхүл Баянхонгорын бага цугларалт гэлтэй...
Өлзийт сумын харьяат ээж нь, МУСГЗ, яруу найрагч Дан.Нямаа, Ардын уран зохиолч Тангадын Галсангийн гэргий Найгалмаа, Төрийн шагналт яруу найрагч Пүрэвжавын Пүрэвсүрэнгийн гэргий Б.Навчаа, дуучин Баасандорж...тэргүүтнээс харахад хонгор нутгийнхан л голложээ.

Ж.Ганчимэгийн номын цацал үг болох
"...Намрын уянгатай хослон төрсөн Аялгуу би
Нарт хорвоогийн амьдрал болсон Эд эс би
Насны намба биед минь суусан Бүсгүй би
Намуун хэмээх ертөнцийг төрүүлсэн Ижий би..." хэмээх шанагахан сүү шиг бадгаас түүний дотоод чанар мэдрэгдэнэ.
Анхны ном гэхэд аль хэдийн цэгцэрсэн хашир шүлэгчийн дайтай зиндааг харуулж "Онго шүтээн тэнгэр дээдэс мину", " Удам сударт амьдралдаа би хайртай", " Аж төрөхүйн буурал замбуулин", " Модод ярьдаг бол", " Шүхэртэй бороо", " Он жилүүдийн гэрч" гэхчлэн 10 бүлэгт шүлгээ хашсан нь "мянгат малчин" мэт...гэвч энэ бүсгүй олон хүмүний өвчнийг эмийн бус бал бурмын зүүт эмчилгээгээр илааршуулдаг нь " мянгат зөгийч" мэт...

Зочид дунд сондгойрсон шог зураач А.Бат-Эрдэнэ, зураач, яруу найрагч М.Амархүү, зураач С.Төгс-Оюун, яруу найрагч М.Баттөмөр, Ж.Батсайхан миний бие, МУСГЗ , яруу найрагч С.Оюун, орчуулагч Ж.Нэргүй, Ц.Доржсэмбэ, Ц.Батбаатар...бидний эгнээнийхэнд Дундговийн Дэрэнгийн айргийг амтлахуйяа Цэндийн Чимиддоржоон дурсах халаглал ааг нэмлээ.
Ж.Ганчимэгийн "Тэнгэрийн шившлэг"-ээс хүртэхүйд зөгийн бал ч амтагдана, зүрхний бурам ч амсагдана, зөөлөн аялгуу ч анирдагдана, зөн билгийн шивнээ ч анзаарагдана...
Энэ шинэ номын сөн түшиж, эгшиглэнт шүлгийн дугараа өргөе гэвэл яруу найргийн хос амраг болсон Ж.Ганчимэг, Л.Батцэнгэл нарын сэтгэлийн өргөөнд морилон айраг, найргийн хул, хундагыг мөргөлдүүлэн тулгах болтугай!
Залуу найрагчдын замын хүзүү уртаас урт байх нь ч дамжиггүй ээ!

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Жигмэдийн Батсайхан

Холбоотой мэдээ