Аварга цолтны хүндэтгэлийн барилдаанд түрүүлсэн бөх 20 сая төгрөгийн бай гардана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-04-23 10:12:07

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойг тохиолдуулан “Улсын аварга цолны хүндэтгэл”-ийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.


Тодруулбал, энэ сарын 26-ны бямба гарагт аварга цолтнуудад хүндэтгэл илэрхийлэх улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдааны товыг албан ёсоор зарлав. Энэ барилдааны түрүү бөх 20, үзүүр бөх 10 сая төгрөг гардана. Харин их шөвөг тус бүр тав болон наймд шалгарсан бөхчүүд 2.5 сая төгрөгийн бай шагнал авах юм байна.


Нийслэл хүрээнд 1923 онд хотын бие даасан захиргаа байгуулах, хотын захиргааны дүрэм боловсруулах тусгай комисс байгуулах тухай МАН-ын Төв хороо, ардын Засгийн газар шийдвэр гаргаж “Монгол Улсын хотын түр захиргааны дүрэм”-ийн төслийг боловсруулан батлуулжээ. Улмаар 1925 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын клубт нийслэлийн МАН-ын хороо буюу Улаанбаатар хотын Намын хорооны анхдугаар бүгд хурал хуралдаж, дарга тэргүүлэгчдээ сонгон байгуулсан түүхтэй. Анхны даргаар нь Б.Шийтэрийг томилж байсан бол өдгөө Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ажиллаж байна. Тэгвэл энэ онд нийслэлийн МАН-ын түүхт 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд аварга цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдааныг зохион байгуулахаар болсон аж.


Улсын аварга нь арслан цолтой бөх Үндэсний их баяр наадамд түрүүлэхэд олгодог цол бөгөөд сүүлийн жилүүдэд 10 даван түрүүлсэн бөхөд олгодог болсон юм.


Монгол Улсын үндэсний бөхийн түүхэнд даншгийн, дархан, даян, улсын аваргыг оролцуулаад 48 аварга төрсөн байдаг. Үүний 23 нь Ардын хувьсгалаас өмнө аварга цолыг авсан юм. 25 нь Ардын хувьсгалаас хойш энэ цолонд хүрчээ. Ардын хувьсгалын анхны аварга нь 1922 оны наадмын түрүү бөх Лу гүний Г.Вандан билээ. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат тэрбээр улсын наадамд нэг түрүүлж, дөрвөн удаа шөвгөрсөн юм. Тэр Ардын хувьсгалаас өмнөх Арван засгийн наадамд зургаа түрүүлсэн билээ. Тэгвэл 25 дахь аварга нь Ховд аймгийн Буянт сумын харьяат О.Хангай юм. 25 аваргаас 10 нь дархан, гурав нь даян, 12 нь улсын аварга цолтой ажээ. 



Холбоотой мэдээ