ӨВӨРХАНГАЙ: "Атар-IV" аянаар 26 мянган га талбайг шинээр тариалангийн эргэлтэд оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-04-23 14:03:42

Арвайхээр, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/.  Аймгийн ХХААГ-аас “Атар- IV аяны нээлт, газар тариалан эрхлэгчдийн аймгийн зөвлөгөөнийг зохион байгууллаа.


Зөвлөгөөнд сумдын Засаг дарга, хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн, тариаланчдын төлөөлөл зэрэг 150 хүнийг хамруулж, газар тариалангийн салбарын өнөөгийн байдал, бодлого, эрх зүйн шинэчлэл, 2025 онд дэвшүүлсэн зорилтын талаар мэдээлэл өгсөн юм.


Мөн зарим тариаланчид хүлэмжийн аж ахуй, сонгино, гидропоник зэрэг нарийн ногоо тариалах туршлагаасаа  хуваалцлаа.



Өвөрхангай аймагт газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх боломжтой 25.0 мянган га талбай байгаагаас 18.6 мянган га талбайд тариалалт хийж байна. Мөн 5.5 мянган га талбайд уринш боловсруулж байгаа юм.


Тус салбарт 1627 өрх, 212 аж ахуйн нэгж ажиллаж дунджаар 27 мянган тонн ургацыг жилд хураан авдаг. Энэ онд үр тариаг 7400 га талбайд тариалж, 9141 тонн ургац хураан авах зорилт дэвшүүлж байна. Мөн 418 га талбайгаас 4201 тонн төмс, 302 га талбайгаас 2846 тонн хүнсний ногоо, 9200 га талбайгаас 24840 тонн малын тэжээл хураан авахаар төлөвлөж байгаа ба жимс жимсгэний тариалалтыг 100 га-аар нэмэгдүүлэх юм.



Өнгөрсөн онд 18651.1 га талбайд тариалалт хийж, улаан буудайгаар гурилын хэрэгцээний 56.2 хувийг, төмсний 90.3 хувийг, хүнсний ногооны 28.2 хувийг, жимсгэний 0.6 хувийг тус тус хангажээ.


Сүүлийн гурван жилд аймгийн хэмжээнд атаршсан 2837 га талбайг эргэлтэд оруулаад байна. "Атар-IV" тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд 26 мянган га талбайг шинээр тариалангийн эргэлтэд оруулж, нийт эргэлтийн талбайг 25 сая га-д хүргэх, усалгааны дэвшилтэт технологи нэвтрүүлж, тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон нутагшсан сортын үрээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах зэрэг олон ажлыг төлөвлөөд байна.

 

Холбоотой мэдээ