“Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа Улаабаатар хотноо болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЭнэ сарын 10-20-ны хооронд Улаанбаатар хотод “Ховд аймгийн өдрүүд” зохион байгуулна. Тус өдөрлөгөөр соёл урлагийн тоглолт, “Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ үйл ажиллагаатай холбогдуулан “Ховд аймгийн өдрүүд”-ийг зохион байгуулах Хэвлэл мэдээлэл, маркетингийн салбар хорооны дарга, Аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Д.Дэлгэрбаяраас тодрууллаа.
- “Ховд аймгийн өдрүүд”-ийг удахгүй Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Энэ талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?
- 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Аймгийн ИТХ-ын тэрүүлэгчдийн хуралдаанаас “Улаанбаатар хотод Ховд аймгийг сурталчлах өдрүүдийг зохион байгуулах, салбар хороо байгуулах тухай” 21 тоот тогтоол баталсан. Энэ тогтоолд Ховд аймгийг сурталчлах өдрүүдийг зохион байгуулах хороо болон салбар хороодыг байгуулж, энэ сарын 10-20-ны өдөр зохион байгуулахаар товлосон байгаа. Ховд аймгийг сурталчлах өдрүүдийг Улаанбаатар хотод зохион байгуулах хороог аймгийн Засаг дарга ахалж, нарийн бичгийн даргаар аймгийн ЗДТГ-ын дарга Б.Батмөнх ажиллаж байна. Уг ажлын хэсэгт манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, Ховд аймгаас төрөн гарсан Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа холбогдох албан тушаалтнууд, ИТХ-ын ажлын алба, бусад хэлтэс, агентлагийн удирдах албан тушаалтнууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, 17 сумын удирдлага, сум тус бүрийн нутгийн зөвлөлийн дарга нарыг хамруулсан. Улаанбаатар хотод “Ховд аймгийн өдрүүд”-ийг зохион байгуулах ерөнхий салбар хорооноос гадна гурван салбар хороо байгуулсан. Соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулах салбар хороог аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбатаар ахлуулсан хэлтэс, агентлагийн дарга нар, холбогдох мэргэжилтнүүд, “Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа зохион байгуулах хороог аймгийн Засаг даргын орлогч М.Амарсанаа ахалж, нарийн бичгийн даргаар Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Бат-Очир, гурав дахь салбар хороо болох хэвлэл мэдээлэл маркетингийн салбар хороог миний бие ахалж ажиллаж байна. Хэвлэл мэдээлэл, маркетингийн салбар хороонд Ховд аймгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн удирдлагууд бүрэлдэхүүнд нь багтаж байгаа.
- “Ховд аймгийн өдрүүд”-ийн нээлтийг хаана хийх вэ? Соёл урлагийн арга хэмжээг хэзээ зохион байгуулахаар төлөвлөсөн бэ?
- “Ховд аймгийн өдрүүд”-ийг Улаанбаатар хотод зохион байгуулахдаа зөвхөн орон нутгийн иргэдээ оролцуулахаас гадна аймгаас маань төрөн гарсан уран бүтээлчид, урлаг, соёлын алдартнууд, Дархан, Эрдэнэт гэх мэт хот суурингуудад амьдарч ажиллаж байгаа иргэд, оюутан, залуучуудаа хамруулъя гэж зорьж байгаа. Энэ сарын 10-нд уг үйл ажиллагааны нээлт Чингисийн талбайд болно. Соёл урлагийн арга хэмжээний хүрээнд дөрвөн удаагийн тоглолт зохион байгуулна. 9 дүгээр сарын 11-ний 20 цагт УДЭТ-т Гэгээн музагийн Гран при шагнал хүртсэн“Галдан бошигт хаан” туульсын дуулалт жүжиг, 9 дүгээр сарын 12-нд Алтангадас одонт Ж.Чулууны нэрэмжит Ховд аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн тоглолт, мөн сарын 13-нд 17, 20 цагуудаас Төмөр замын дуу бүжгийн чуулгад Өв тээгчид, ардын авъяастнуудын тоглолтыг нийслэлчүүддээ өргөн барина.
-Урлагийн тоглолтуудаас гадна олон ястны өв соёлын сан хөмрөгөөс толилуулах уу?
-Зөвхөн урлагийн тоглолтуудаас гадна уран зураг, гэрэл зураг, Ховдоос төрөн гарсан зохиолч, уран бүтээлчдийн ном бүтээлийн үзэсгэлэн гарна. Ховд аймаг олон угсаатны бүлэг амьдардаг соёлын асар их өвтэй учраас онцлог дүр төрхөө харуулахын тулд музейн алтан сан хөмрөгийн эд өлгийн үзмэрүүдийг нэг дор төвлөрүүлээд Арт галерейгийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэнэ.
- Сумд Ховд аймгийг сурталчлах өдрүүдэд ямар үүрэгтэй оролцож байгаа вэ?
- Өнгөрсөн 2014 онд Ойрадын их хаан Галдан бошигт хааны мэндэлсний 370 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. 2012-2016 оны аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу бүх сумын соёлын өдрүүдийг орон нутагтаа хийсэн. Энэ соёлын өдрүүдээр бэлтгэсэн 16 сум тус бүрийн онцлогийг илтгэсэн, шилдэг үзүүлбэрүүдийг олон нийтийн хүртээл болгохоор төлөвлөөд бэлтгэл ажил хангагдаад байна. Бүх сумын Засаг дарга, нутгийн зөвлөлийн дарга нарт хийж гүйцэтгэх ажлын чиглэлийг өгсөн учраас бэлтгэл ажлаа хангаад дуусч байгаа. Сум тус бүр өөрийн бэлтгэл ажлаа хангаж байгаа. Тухайлбал, Эрдэнэбүрэн сум гэхэд Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлтэй хамтраад оюутан залуус, нутгийн иргэдээ идэвхтэй оролцуулах гэж байна. Мөн сум тус бүр талбай дээр өөр өөрсдийн сумдын гэрийг барина. Дотор нь тухайн угсаатны бүлгийн онцлогийг харуулсан эдлэл хэрэглэл, ахуйн онцлог бүхий эд зүйлсийг тавина.
- “Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа хаана болох вэ? Ховдын онцлогийг харуулсан ямар бараа бүтээгдэхүүн үзэсгэлэн худалдаанд борлуулах вэ?
-“Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг Улаанбаатар хотод Эрх чөлөөний талбайд зохион байгуулахаар төлөвлөсөн. Бэлтгэл ажлыг холбогдох хорооны гишүүд хангаад явж байна. Бид энэ үзэсгэлэн худалдаанд Ховд аймгийн онцлогийг илтгэсэн, брэнд бүтээгдэхүүнээ Улаанбаатар хотын иргэдэд таниулах, сурталчлах учраас эхлээд 8 дугаар сарын 26,27-ны өдрүүдэд орон нутагтаа үзэсгэлэн худалдаа явуулаад тэндээс шалгарсан 40 орчим бүтээгдэхүүнийг нийслэлд дэлгэн тавьж борлуулахаар төлөвлөж байгаа. Энэ хугацаанд аймгийн брэнд бүтээгдэхүүн болох эсгий, модон эдлэл, гар урлал, арьс ширээр хийсэн гутал, цүнх, ботинк, үслэг болон төмөр, суран эдлэлүүд, барилгын материал, бэлэг дурсгалын зүйлс, даршилсан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, тарвас, амтатгуа, гэх мэт бараа, бүтээгдэхүүнүүд үзэсгэлэнд тавихаар одоогийн байдлаар төлөвлөж байна.
- Аймгийг сурталчлах өдрүүдийг зохион байгуулахад иргэд хэрхэн хамтран ажиллаж байна?
- Энэ удаагийн ярилцлагаараа дамжуулан Ховдоо гэсэн сэтгэлтэй нутгийн уугуул иргэдийг төрөлх Ховд аймгийг тань сурталчлах өдрүүд 9 дүгээр сарын 10-20-ны өдөр болох гэж байгаа учраас соёл, урлагийн тоглолт, үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Дашрамд бидний үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байгаа ард иргэд, уран бүтээлчид, төрийн болоод төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэнд талархал илэрхийлмээр байна.
А.Бямбасүрэн
Сэтгэгдлүүд