Эверестэд авирах зөвшөөрлийг туршлагатай уулчдад олгоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
КАТМАНДУ, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 /CNN/. Балба улсын эрх баригчид Эверест ууланд авирах зөвшөөрлийг тус улсад оршдог 7000 м-ээс дээш өндөр аль нэг оргилд амжилттай авирч байсан туршлагатай уулчдад олгохоор төлөвлөж байна.
Уулчдын дараалал бөөгнөрлийг арилгах, аюулгүй байдлыг сайжруулах зорилготой шинэ хуулийн төслийн хүрээнд ийм шийдвэр гаргажээ. Эдийн засаг нь уулын авиралт, явган аялал, аялал жуулчлалаас ихээхэн хамааралтай Балба улс 8849 м өндөр оргилд гарах зөвшөөрлийг хэт олон уулчинд, тэр дундаа туршлагагүй уулчдад замбараагүй олгож байна гэх шүүмжлэлд өртөөд байгаа юм.
Хэт олон зөвшөөрөл олгосны улмаас оргилын “үхлийн
бүс” гэгддэг хүчилтөрөгчийн хэмжээ эрс багасдаг хэсэгт уулчдын урт дараалал үүсдэг. Улмаар ууланд амиа алдагсдын тоо нэмэгдэх болсныг уулчдын бөөгнөрөлтэй холбоотой гэж үзжээ. 2023 онд
Балба улс 478 зөвшөөрөл олгосон ба Эверестийн энгэрт хамгийн цөөндөө 12 уулчин амиа алдаж, таван хүн сураггүй болсон байна. Өнгөрсөн онд найман уулчин амиа алджээ.
Шинэ хуулийн төсөлд зааснаар, уулчид Балбын 7000 м-ийн дээш өндөр нэг ууланд авирсан гэдгээ нотолсны дараа л тэдэнд Эверестэд авирах зөвшөөрлийг олгоно. Түүнчлэн нутгийн ажилтнуудын багийн ахлагч болон хөтөч нь Балбын иргэн байх ёстой гэж заажээ. Хуулийн төслийг эрх баригч эвсэл олонх болж буй парламентын дээд танхим болох Үндэсний ассамблей батлах ёстой. Харин авиралтыг зохион байгуулдаг олон улсын оператор компаниуд Эверестэд авирах зөвшөөрлийг авахын тулд зөвхөн Балбын бус, харин 7000 м-ээс өндөр ямар ч оргилд гарсан байх шаардлага тавихыг Балбын талд уриалж байна.