ДОРНОГОВЬ: Төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг Даланжаргалан суманд нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-04-30 17:04:18

Сайншанд, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас Даланжаргалан суманд төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг нээлээ. 


“Хурдан” цэг нь төрийн бүх шатны үйлчилгээ буюу орон нутгийн 73 төрлийн үйлчилгээ, 94 төрлийн лавлагаа, нэгдүгээр шатлалын 164, олон шатлалын 291 лавлагаа мэдээллийг иргэдэд цахимаар болон операторын горимоор хүргэнэ.


Үүнд, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, зээлийн мэдээллийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас, нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, гадаад паспорт захиалга, жолооны үнэмлэхний захиалга, иргэний үнэмлэх захиалга, малчны тодорхойлолт, бүх төрлийн татвар төлөлт зэрэг төрийн 43 байгууллагын 478 үйлчилгээ багтаж байна.


Даланжаргалан сум нь Сайншандаас хойд зүгт 156 км, Улаанбаатараас 300 км алслагдсан төмөр зам, авто замын хос хөдөлгүүртэй, 2800 орчим хүн амтай, Дорноговь аймгийн уул уурхайн хамгийн их тусгай зөвшөөрөлтэй сум юм. Үүнээс гадна  аргаль, янгир байршин идээшдэг Их нартын улсын тусгай хамгаалалтай газар нутаг энд бий. 

Холбоотой мэдээ