ДУНДГОВЬ: Бага газрын чулууны аялал жуулчлалын бүсийг хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-05-01 18:03:20
altantogos

Мандалговь, 2025 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас аялал жуулчлалын салбарын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, холбогдох төрийн байгууллага, аялал жуучлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй ТББ, хувийн хэвшлийн төлөөлөл 90 гаруй хүн оролцов.


Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын орлогч, Аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагч Ц.Ариунбаяр “Говийн бүсийн аялал жуулчлалын өнөөгийн байдал, бүсчилсэн хөгжилд бидний оролцоо” сэдвээр танилцуулга хийж, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Золбадрал, “Дэл уулын гайхамшиг” ТББ-ын тэргүүн Б.Батмөнх, “Инстамон Ви Ар” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Төгөлдөр, Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Ж.Мөнхбаяр нар мэдээлэл өглөө.  


Тус аймаг аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх замаар бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэн, гадаад, дотоодын жуулчдын аялах таатай орчныг бүрдүүлэн нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Аялал жуулчлалыг дэмжих” дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж буй.


Тус хөтөлбөрийн хүрээнд 1) Аялал жуулчлалыг хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлж, жуулчин хүлээн авах үйлчилгээний байгууллагын хүчин чадлыг нэмэгдүүлэх, 2) Аймгийн онцлогт тулгуурласан аялал жуулчлалын өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, дэд бүтцийг хөгжүүлж, гадаад, дотоод жуулчдын тоог нэмэгдүүлэх, 3) Аялал жуулчлалын хүний нөөцийг чадавхжуулж, амралтын газар, жуулчны баазад тавих ерөнхий шаардлагад нийцсэн аж ахуйн нэгжийн тоог нэмэгдүүлэх зорилтуудыг дэвшүүлэн 17 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.


Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Бүсчилсэн хөгжлийн бодлогод говийн бүсийн марс гарагтай төсөөтэй онцлогийг шинжлэх ухаан, инновац шингээсэн технологиор баяжуулж, байгаль орчинд ээлтэй, дөрвөн улирлын тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Дундговь аймгийн Цагаан суварга орчмын палеонтологийн нөөцөд тулгуурлан аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах, говийн унаган байгаль, түүх соёлын өв бүхий 3 сая га газрыг улсын тусгай хамгаалалтад авах, Чингис-Чойр-Мандалговь-Арвайхээрийн чиглэлийн авто замыг барих, Даланзадгад-Мандалговь-Улаанбаатар хот чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөх зэрэг асуудлыг тусгажээ.


Дээрх бодлогын хүрээнд 2025 онд тус аймаг Бага газрын чулууны аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх, жуулчны гудамж байгуулах, Малчин кэмп байгуулах, нутгийн иргэдэд түшиглэсэн морь, тэмээ, мотоциклын аялал, уралдаан, “Сэтгэшгүй оддын чуулган”, “Адууны өв соёлын баяр” зохион байгуулах, палеонтологийн нөөцөд тулгуурласан аялал, судалгаа, амралтын цогцолбор байгуулах зэрэг ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна. 


Холбоотой мэдээ