ЗАВХАН: Хүүхдийн ардын урлагийн наадамд 1400 гаруй хүүхэд оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/.
Завхан аймагт хүүхдийн ардын урлаг, соёлын “Яргуй 2025"
наадам монгол ардын дуу, шагайн харвааны төрлөөр эхэллээ.
Энэ жил тус наадамд Завханы 24 сумын ерөнхий боловсролын сургууль, Политехник коллеж, сумдын Соёлын төвийн дэргэдэх дугуйлангийн 1400 гаруй суралцагч оролцож байна.
Эдгээр хүүхдүүд ардын
урлаг, соёлын 9 төрөлд өөрийн
авьяас чадвараа сорин
өрсөлдөх юм. Яргуй наадмын онцлох төрлүүдийн нэг болох
үндэсний шагайн харвааны тэмцээнд 24 багийн 170 гаруй өсвөрийн харваач цэц мэргэнээ сорин наадаж
байна. Шагайн харвааг сонирхол татахуйц олон төрөлт хэлбэрээр хөгжүүлснээр
хүүхэд залуучуудад уламжлалт зан үйл, өв соёлын цогц мэдлэгийг түгээх. Нийгэмд эерэг, зөв
хандлага төлөвшүүлэх, улсын хэмжээний уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцох
зэрэг олон үр дүн гарч байна.
Шагайн соёлыг өвлүүлэн уламжлуулж түгээн дэлгэрүүлж, дэмжсэнээр өдгөө давхардсан тоогоор 200 гаруй хүүхэд шагайн харваагаар идэвхтэй хичээллэж байна.
Жил бүрийн яргуй наадамд оролцох
оролцогчдын тоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай юм гэж Завхан аймгийн Биеийн
тамир спортын газраас мэдээлэв.
Ташрамд Завхан аймаг 2021 оноос “Даян мэргэн” үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж 2024 онд дууссан байна. "Даян мэргэн" төслийг эхлэл, суралцахуйн, дэлгэрлийн гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд аймгийн ерөнхий боловсролын 29 сургууль, тусгай мэргэжлийн 2 сургууль нийт 31 сургалтын байгууллага болон төрийн 7 байгууллагад шагайн харвааны сургалтын зурхай, гарын авлага, 8 клубт иж бүрэн сургалтын хэрэгсэл олгосон байна.
Шагайн харвааны төрөлд оролцож буй өсвөрийн харваачид
Хүүхдийн ардын урлагийн төрөлд оролцогч хүүхдүүд