ӨВӨРХАНГАЙ: Шүд угаалтын аваргуудыг шалгарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Шүд угаалтын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгууллаа.
Энэ жил Эрүүл мэндийн сайдын санаачилгаар өрнүүлж буй “24/3 ЗӨВ УГАА” үндэсний аяны хүрээнд хүүхдүүдийн шүд, амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах, цэвэрлэх зөв аргыг эзэмшүүлэх, шүд угаахын ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчлах, улмаар хүүхдүүдийн дундах шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор зохион байгуулж байна.
Тэмцээнд 15 сумаас 4-7-р ангийн 168 сурагч, 42 багш, 42 эмч, 48 шүүгч, зохион байгуулагч нар оролцож шилдэг гурван баг, хоёр хүүхдийг шалгарууллаа.
Тэмцээнийг аймгийн ЗДТГ, Монос ХХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарын дэмжлэгээр Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, БОЭТ, Арвайхээр сумын өрхийн эрүүл мэндийн төвүүд, хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд хамтран зохион байгууллаа.