Шинэ Үндсэн хууль баталсаны 25 жилийн ойг тэмдэглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРШинэ Үндсэн хууль баталсаны 25 жилийн ой ирэх оны нэгдүгээр сарын 13-нд тохионо.
Шинэ Үндсэн хуулийн төслийг 1991 оны сүүлчээр хэвлэлд нийтлэн Монголын нийт ард түмнээр хоёр удаа, 18 аймгийг таван бүс болгон бүсчилсэн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлснээс гадна Улсын Бага Хурлаар 4 удаа хэлэлцсэн түүхтэй.
Улмаар БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаанаар 430 депутат хоёр сар гаруй хугацаанд буюу нийт 76 хоног цэц оюунаа шавхан хэлэлцэж, шүүн тунгаасан билээ. Түүнчлэн БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай” хууль баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтжээ.
Тиймээс УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар тус ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссыг байгуулжээ. Комиссыг Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж ахалж, нарийн бичгийн даргаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон ажиллах юм.
Б.Туул