Умард Солонгос ойрын тусгалтай баллистик пуужингууд туршжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПЁНЬЯН, 2025 оны тавдугаар сарын 8 /DW/. Умард Солонгосын тал зүүн зүгт хэд хэдэн баллистик пуужинг харваж туршлаа гэж Өмнөд Солонгосын арми өнөө өглөө мэдэгджээ.
Цэргийнхэн
тэдгээрийг ойрын зайн тусгалтай баллистик пуужингууд хэмээн таамаглаж байгааг
мэдэгдэлд дурдсан байна. Өнөө өглөө зүүн нутгийн Монсанто боомт хотын орчмоос
хөөргөсөн пуужингууд 800 км зайг туулан нисээд далайд унажээ.
Өмнөд Солонгосын
тал пуужингийн туршилтын талаар АНУ, Японтой холбоо тогтоож, мэдээлэл
солилцож байгаагаа мэдэгдсэн байна. Умард Солонгос пуужин хөөргөсөн нь Японд ямар
нэгэн нөлөө учруулаагүй гэж Японы Батлан хамгаалах яам мэдэгдсэнийг NHK
телевиз уламжилжээ.
Украин руу харвах пуужинг туршсан уу?
Умард Солонгосын
баллистик пуужингийн хөтөлбөрийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудын дагуу хориглосон байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд цөмийн зэвсэгтэй тус улс бүх төрлийн пуужин бүтээх чиглэлд багагүй ахиц дэвшил гаргажээ.
Пуужин харваж буй
нь экспортод гаргах пуужингийн үзүүлэлт, нислэгийн тогтвортой байдлыг
турших зорилготой байж магадгүй гэж Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын
нэгдсэн хорооны хэвлэлийн төлөөлөгч Ли Сон Жун өнөөдөр болсон хэвлэлийн
бага хурлын үеэр хэлжээ.
Умард Солонгосын тал Украины эсрэг дайнд Оросын ашиглах зэвсгийг туршиж байж магадгүй талаар шинжээчид эртнээс анхааруулсаар ирсэн байна. Түүнчлэн НҮБ-ын хоригийг зөрчин Орост баллистик пуужин нийлүүлсэн хэмээн Украин, Өмнөд Солонгос хоёр Умард Солонгосыг буруутгаж байна.
Оросоос Украин
руу харвасан, Умард Солонгост үйлдвэрлэсэн баллистик пуужингийн нарийвчлал “мэдэгдэхүйц
сайжирч” байгааг энэ оны хоёрдугаар сард Ройтерс агентлагийн хийсэн судалгаа
харуулжээ.