Археологийн ховор олдворыг сонирхуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран “Археологийн олдворт нуугдсан урлаг” үзэсгэлэнг нээлээ.
Олон улсын музейн өдрийг тохиолдуулан нээж буй тус үзэсгэлэнд нүүдэлчдийн
амьдрал ахуй, урлаг соёл, шүтлэг бишрэлийг илэрхийлсэн дахин давтагдашгүй ур
хийц, дүрслэлийг шингээсэн археологийн 200 орчим олдворыг дэлгэн үзүүлж байна. Ингэхдээ шинэ чулуун зэвсэг, төмөр, хүрэл, Хүннүгийн үе болон эртний улсууд ба монголын эзэнт гүрний үед
хамаарах олдворыг тус бүр ангилан тавьжээ. Тухайлбал, Хүннүгийн үе буюу /НТӨ III-НТ II зуун/-ын үеийн домгийн амьтны дүрст хүрэл чимэглэл, шавар ваар, мөнгөн хөөмөл
чимэглэл, нэхмэл даавуу, төмрийн түрүү үеийн модон аяга, бамбай, цар, хазаарын
тоногийн олдвор байна. Мөн эртний нүүдэлчдийн угсаа гарал, соёл, түүх, урлаг,
гоо зүй, шүтлэг бишрэлийн хосгүй үнэт өв буган чулуун хөшөөний хэв хуулбарууд
байгаа юм.
ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Эрэгзэн ярихдаа, "Археологийн олдвор бол
түүхийн биет гэрч, баримтат өв учир түүхийн маш олон нууцыг хадгалж байдаг. Олвдор дээрх дүрслэл нь уламжлалт сэтгэлгээний олон зүйлийг агуулдаг. Энэ нь хэдий үеэс
эхлэлтэй, яагаад онцлогтойг үзэсгэлэнгээр харуулахыг хүссэн.
Энд байгаа эртний үзмэр бол неолитын үе /НТӨ
8000-3000 жил/-д хамаарах
хясаан чимэглэл, сувсан зүүлт, тэр дундаа нүүрний хэлбэр бүхий чулуун онго байна. Тухайлбал, Дорнод аймгийн
Булган сумын Норовлин уулын неолитын үеийн булш, Сүхбаатар аймгийн
Баяндэлгэр сумын нутгаас илэрсэн хүний нүүрний хэлбэр бүхий чулуун онго юм. Чулуун онго нь харьцангуй шинэвтэр олдвор тул төдийлөн сайн судалж амжаагүй ч хүнийг онцгой байдлаар дүрсэлсэн учраас сүсэг бишрэлтэй холбоотой болов
уу гэж таамаглаж байгаа" гэв.
“Археологийн олдворт нуугдсан урлаг” үзэсгэлэн энэ сарын 20-нийг дуустал үргэлжилнэ.