УВС: Язгуур урлагийн анхдугаар их наадамд тэргүүлсэн ардын авьяастнууд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-05-12 14:16:40

Улаангом, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Увс аймгийн 100 жилийн ойн хүрээнд Музейн хамт олон сан хөмрөгтөө хадгалж байгаа түүхэн гэрэл зургуудыг цахим хаягаараа дамжуулан олон нийтэд сурталчилж байна.


Энэ удаад 1983 онд зохион байгуулсан Язгуур урлагийн анхдугаар их наадамд оролцсон Увс аймгийн ардын авьяастнуудын түүхэн гэрэл зургийг онцоллоо. Энэхүү баг бүрэлдэхүүн нь улсад 1-р байр эзэлж, “Алтан тулга” өргөмжлөлөөр шагнуулж байсан нь ийнхүү гэрэл зурагт мөнхөрч, Музейн сан хөмрөгт хадгалагдан үлджээ.


Тус зураг дээр МУАЖ Л.Цогзолмаа, СГЗ Ж.Бадраа, Монгол Улсын Гавьяат багш Ж.Найдан, Бөхмөрөн сумын ардын авьяастан Б.Идэш, туульч Ц.Зодов, Малчин сумын бийч Ж.Бизьяа, Тэс сумын уртын дууч Б.Сүхээ, аймгийн ХДТ-ын бүжиг дэглээч Б.Лхасүрэн, Музейн эрхлэгч Т.Бямбадорж нараас гадна тус аймгийн сумдын тэргүүний ардын авьяастнууд байна.


“Хуучны гэрэл зургуудыг эргүүлж үзэхэд сайхан ч хамгийн гол нь түүхийн нэгэн судлагдахуун, үнэт бүтээл болон үлддэг. Тухайн цаг үед амьдарч байсан хүмүүсийн аж амьдрал, хувцаслалт, түүхэн үйл явдал хийгээд нэгэн агшныг гэрэл зурагт мөнхөлж үлдээснээрээ үнэ цэнтэй болдог юм” хэмээн аймгийн Музейн эрдэм шинжилгээний ажилтан Б.Цэнд-Аюуш ярилаа.

Холбоотой мэдээ