Говийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган Мандалговь хотод эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-11-03 10:40:04

Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг жил бүр гаргадаг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь өрсөлдөх чадварын бүсчилсэн чуулганыг зохион байгуулдаг бөгөөд энэ удаад говийн бүсийн чуулганыг Мандалговь хотод ийнхүү эхлүүллээ.

Өрсөлдөх чадвар гэж юу болох, түүнийг судлахын ач холбогдлыг таниулж, бүс нутгийн давуу болон сул тал, эдийн засгийн тулгуур салбар, бүсчилсэн хэлбэрээр хөгжихийн ач холбогдол, бүс нутгууд хамтдаа бэрхшээлийг хэрхэн давж, хөгжлийн ямар алхам хийхээ хэлэлцэн тодорхойлоход  чуулганы зорилго оршиж байна.

Чуулганыг нээж Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн удирдах зөвлөлийн дарга П.Цагаан үг хэлэхдээ, аймгийн Засаг дарга нар ирэх 4 жилийн ажлаа төлөвлөж буй хариуцлагатай цаг үед говийн бүсийн чуулган болж байгаа нь ач холбогдолтой гэдгийг онцлоод аймаг орон нутгийнхаа хөгжлийг урагшлуулахад эдийн засгийн өрсөлдөх чадварын судалгаа тайланг оновчтой ашиглаж чаддаг байх хэрэгтэй сануулсан юм.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн 2015 оны судалгаагаар говийн бүсийн Дорноговь аймаг өрсөлдөх чадвараараа 64.46 оноогоор 21 аймгийн 10 дугаарт, Өмнөговь аймаг 85.45 оноогоор 3- рт, Дундговь аймаг 39.47 оноогоор 21- рт жагссан.

Дундговь аймгийн хувьд өрсөлдөх чадвараараа 21 аймгийн сүүлд жагсч байгаа ч бизнесийн орчин, тэр дундаа аялал жуулчлалын бизнес хөгжих таатай нөхцөл бий. Аялал жуулчлал бол орлого нь тэгш хуваарилагддаг үр ашигтай бизнес. Энэ давуу талаа хэрхэн хөгжүүлэх вэ гээд төлөвлөх хэрэгтэй болж ирнэ. Энэ мэтээр гарц боломжийг эрэлхийлж говийн бүсийн эдийн засгийн өрсөлдөх чадварын чуулганыг өөрийн аймагтаа зохион байгуулах санаачлага гаргасан Дундговь аймгийн Засаг дарга О. Бат- Эрдэнэд талархаж байна гэв.

Говийн бүсийн чуулган “Нэг говь, нэг зорилго” уриан дор болж байна. Чуулганыг Эдийн засгийн өрсөлдөх чадварын судалгааны төв Конрад Адэнаурын сан, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Дундговь аймгийн ЗДТГ- тай хамтран зохион байгуулж байна. Чуулганд Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгийн 300 гаруй төлөөлөгч оролцож байна.

Чуулган өнөөдөр Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б. Лакшмагийн “Говийн бүсийн өрсөлдөх чадвар, хөгжлийн боломжууд”, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгийн Засаг дарга нарын өөрийн аймгийн тэргүүлэх салбар, хувийн хэвшлийг дэмжих бодлого ба хөрөнгө оруулалтын чиглэлүүдийг тодорхойлсон илтгэлээр үргэлжилнэ.

Маргааш “Нийгмийн баримжаатай эдийн засгийг хөгжүүлэх нь”, “Говийн бүсийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь”, “Хариуцлагатай уул уурхайн салбарыг хөгжүүлэх говийн бүсийн хамтын ажиллагаа”, “Говийн бүсийн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж” сэдвээр хэлэлцүүлгүүд өрнөж, хамтын дүгнэлт гарснаар чуулган өндөрлөнө.

Т. Отгонтуяа         

 

Холбоотой мэдээ